“Гашуун яриа” нэвтрүүлэг энэ удаа ганц бие ээжүүдэд тулгардаг нийгмийн асуудлыг хөндлөө. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан энэ эмэгтэйг Н.Урантогос гэдэг. Арван жилээсээ үерхэж, дотноссон хүндээ итгэл өгч, амьдралынхаа хань гээд сонгосон ч бүх зүйл түүний төсөөлсөн шиг нь сайхан байсангүй. Хүүгээ төрүүлээд л ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон түүний хувьд, өнөөдөр хүүхдийнхээ дэргэд хүчтэй, зөв ээж байхыг эрхэмлэж байна.
-Юуны өмнө ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулбал?
-Сайн байна уу? Намайг Н.Урантогос гэдэг. Би одоо 27 настай. Гэртээ хувиараа сошиалаар ажилладаг. Ийм нэгэн эмэгтэй байна.
НИЙГЭМ ГАНЦ БИЕ ЭЭЖҮҮДИЙГ ЗОРИГГҮЙ БОЛГОДОГ
-Хоёулаа ярилцахаар төлөвлөсөн гол сэдэв рүүгээ шууд л оръё. Ганц бие эмэгтэйчүүд бие даан амьдрахад нийгэм хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ганц бие ээж болохоор хүчгүй, чадалгүй гэдэг байдлаар нийгэм хүлээж авдаг. Жишээ нь банк, банк бусаас зээл авъя гэхээр ганц бие гэсэн шалтгаанаар өгдөггүй. Заримдаа их гомдмоор л доо. Ганц бие аав, ээжид үйлчлэхгүй юм бол, зүгээр л гадаа хаяган дээрээ үүнийгээ бичээд наачих хэрэгтэй. Тэгвэл бид нар оролдлого хийж, найдвар төрүүлэн хүлээж, цаг заваа үрээд суухгүй шүү дээ. Наад захын жишээ нь л энэ. Миний хувьд дээр дурдсанчлан хувиараа бизнес хийж амьдралаа авч явдаг. Би хүүгээ хоёр сартайгаас нь эхлээд л ажилласан. Энэ хугацаанд юу анзаарсан гэхээр ганц бие ээжүүдэд ажлын байр ч олддоггүй. Би гоо сайхан талаар мэргэшсэн. Ингээд нүүр, хумс будах жаахан талбай түрээслээд сууя гэхээр л, “Та хүүхэдтэй юу? Хүүхэдтэй бол дэмий. Төвөгтэй байдаг юм” гэх зэргээр ханддаг. Сүүлд орсон ажилдаа би хүүгээ нууж, өөрөөр хэлбэл хүүхэдгүй гэж байж л орж байлаа. Тэгэхэд миний хүү дөрвөн сартай байсан.
-Тэгэхээр нийгэм ганц бие ээжүүдийг хүн чинээ авч хэлэлцдэггүй гэсэн үг үү?
-Яг тийм. Миний хүүхэд нийгэмд ад үзэгдэх гэж төрөөгүй шүү дээ. Гэтэл хүмүүс хүүхдийг минь надаас урьтаж төвөгшөөж байгаад л асуудал байгаа юм. Ганц бие ээжүүд ганцаараа хүчтэй байх ёстой. Түүнээс энэ нийгэмд амьдрах нөхцөл байхгүй. Нийгэм эмэгтэйчүүдийг зориггүй болгож байна. Гарынхаа алгыг хавсраад суух ёстой юм шиг санаж байна.
“ЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭЭД УЙЛААД СУУХ ШИГ ӨРӨВДӨЛТЭЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ
-Ганц биеэрээ амьдралаа даагаад авч явах нь бусад хүмүүсээс хэд дахин илүү хичээх, зүтгэх шаардлага бий болдог байх?
-Тэгж хэлж болно оо. Би ганц бие ээж болсноосоо хойш хоёр зүйлийг маш сайн бодож явдаг. Нэгдүгээрт би хүүхдийнхээ дэргэд зөв ээж байх ёстой. Хоёрдугаарт аавгүй, ганц бие ээжтэйгээ өсөж байгаа миний хүүхдэд нийгэм дараа болох ёсгүй. Үүний тулд би хүчтэй байх ёстой. “Ээж чадахгүй байна” гээд уйлаад суух шиг өрөвдөлтэй зүйл байхгүй.
-Сүүлийн үед салалтыг зөв шийдэл гэж үздэг залуус олширсон анзаарагддаг. Ингээд салаад явахаар ээж л их хариуцлага дээр унаад байх шиг.
-Салсан ч сайн аав хэвээрээ байдаг жишээг би мэдэхгүй. Жилдээ хэдэн удаа хувцас хунар, тоглоом өгнө. Хааяа нэг уулзана. Магадгүй тэтгэмжийн мөнгө ч өгнө. Гэтэл эдгээр зүйлс хүүхдийн дутуу сэтгэл, дундуур мэдрэмжийг дүүргэхгүй нь ойлгомжтой. Би хүүгийнхээ аавд хэлдэг. “Чи зөв, сайн явах ёстой. Тэгж байж ядаж л миний хүү том болоод чамаар бахархдаггүй юм аа гэхэд, чамаас ичихгүй” гээд. Би хүүгийнхээ аавтай их олон жил болсон. Тэгээд хүүхэдтэй болоод л хоёр тийш болсон.
-Дөнгөж төрөөд, нялх биетэй байхдаа салсан гэхээр сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан байх?
-Их гүн хямралд орсон. “Урантогосоо ингээд л хүүхдээ эцэггүй өсгөх нь дээ” гээд их боддог байлаа. Эмэгтэй хүн сэтгэл гутралд орох их аюултай. Цонх онгорхой байхыг хараад үсэрмээр санагддаг. Сэтгэл гутралаас үүдэж хөхөнд сүү орохгүй байх, хүнтэй үг дуугарч чадахгүй байх гээд их хүнд юм билээ. Би тэр үед хүүхэд рүүгээ дөхөж чаддаггүй байсан. Гэмшил төрөөд байдаг байсан юм.
-Хүүгээ хоёр сар хүрээд ажилдаа орсон нь үүнээс шалтгаалсан уу?
-Тийм. Тэгэхэд ээж маань “Хэцүү байгаа бол түүнийгээ гаргаач. Юу гээд худлаа инээж, шүлсээ залгиад яваа юм” гээд намайг загнасан. Тэр үед нь би бас л худлаа ярьж байсан. Инээгээд, “яасан юм бэ? би зүгээр л байна. Та л тэгж хараад байгаа юм байлгүй” гээд л. Манай аав ээж хоёр арыг минь маш сайн даадаг. Тэр хоёр миний байдлыг сайн анзаарсан байх л даа. Тэгээд намайг ажилдаа орохыг шамдуулсан. Тэр нь ч нүдээ олсон доо.
ХЭЦҮҮ БАЙЛАА ГЭЭД ХЭНД Ч НАЙДАХ ХЭРЭГГҮЙ
-Гурван жилийн хугацаанд таны сэтгэл зүй арай дээрдсэн болов уу? Тийм бол таны туулсан нөхцөлд одоо байгаа эмэгтэйчүүдэд та юу хэлэх вэ?
-Сэтгэл гутралд орсон бол хэн нэгэнд найдаад хэрэггүй. Өөртөө л найдах хэрэгтэй. Тухайн үед надад олон найз байсан. Одоо бол нэг нь ч байдаггүй. Яах вэ ярих талбар хэрэгтэй ч бусдаас зөвлөгөө хүссэн, зовлонгоо хуваалцах гэсэн байдлаар хандаад хэрэггүй юм билээ. Угаасаа хэн ч хэнийг ч дотор нь орсон мэт ойлгож чадахгүй.
Сэтгэл санааны байдал хүнд байхдаа найз нөхөдтэйгөө уулздаг л байлаа. Татлаа түтлээ байхгүй ч гэсэн эх хүн хүүхдийнхээ араас яардаг.
Энэ нэг үгийг би мартагддаггүй юм. Манай найз надад хэлсэн. Юу гэж гэхээр, “Чи одоо сүү ч үгүй юм байж юундаа яардаг юм бэ” гээд…
Тиймэрхүү зүйл их болно оо. “Нөхөргүй алцганаж явсан хүүхэн надад, миний нөхөрт атаархаж байна” гээд л. Иймэрхүү үг, үйлдэл байдлыг улам л дордуулдаг.
Ийм л нөхцөлөөс болоод сэтгэл гутралд орчихсон, тэр нь хүндэрчихсэн ганц бие ээжүүд их байдаг юм билээ.
ХАЙР БАЙХГҮЙ ГАЗАР ХҮҮХДЭЭ ЭЦЭГТЭЙ НЬ ӨСГӨХ ЁСТОЙ ГЭСЭН БОДОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДООШ НЬ ХИЙДЭГ
Би салалтыг дэмжээгүй ч, хүүхдээ сайн хүн болгоё гэвэл сэтгэлийн амар амгаланг л эдлүүлэх хэрэгтэй. Хань болохгүй хүнээ таньдаг байгаасай.
Нэг гар хүрнэ. Хоёр гар хүрнэ. Архи ууна. Хамгийн гол зүйл нь юу гэхээр, хүүхдэд ньямар ч хайр халамж байхгүй байгааг нүдэн дээрээ харсаар байж хүүхдээ эцэгтэй нь өсгөх ёстой гэсэн бодол эмэгтэйчүүдийг доош нь хийдэг. Өөрийгөө тамлаад өөрийнхөө биеийг зовооно. Энэ чинь ганц л амьдрах бие шүү дээ. Тиймээс хүчтэй бай л гэж хэлмээр байна. Сэтгэлийн хаттай бай. 30 минут л болов гэрээсээ гараад тайван бодоод үз. Яаж амьдрах ёстой байсан бэ гэдгээ. Тэгээд маргааш өглөөний нарыг арай өөрөөр эхлүүлээсэй. Би дарлуулаад байна. Намайг хүмүүс гадуурхаад байна гээд гэртээ нуугдаж улам өөрийгөө битгий мохоо гэж хэлмээр байна.
-Ингэхэд гурван жил өнгөрч байгаа юм байна. Таны сэтгэл зүйн байдал дээрдсэн үү?
-Одоо байгаа би, өмнөх би хоёр огт өөр. Одоо бол би их хүчтэй, яав л яая гэдэг үе дээрээ явж байгаа эмэгтэй хүн.