Засгийн газар огцрох дуулиантай зэрэгцэн Боловсролын сайд барьцаа ахиулж, “бөмбөг тэслэв”. 21 сургуулийн үйл ажиллагааг зогсоохоор болсноо зарлалаа. Хэдийгээр сургалтын чанар муутай сургуулиудыг хаах нь туйлын зөв ч энд бас л шударга ёсны асуудал яригдаж байна. Учир нь, үйл ажиллагааг нь зогсоосон сургуулийн оюутнууд өөр сургууль руу шилжих, мөн зарим хувийн хэвшлийн сургуулиуд төрийн өмчийн их дээд сургуультай нэгдэхээр болж байна.
ЭЛСЭЛТЭЭС ӨМНӨ ЯАГААД НЭГТГЭЖ БОЛООГҮЙ ВЭ?
Их дээд сургуулиуд аль хэдийнэ элсэлтээ авч дуусаад хичээлээ эхлүүлэх гэж байна. Сурагчид ч өөрсдийн онооны эрэмбээрээ сургуулиа сонгож, тус тусын сургуульд төлбөрөө төлж бүртгүүлсэн. Бүх юм жигдэрчихсэн гэсэн үг. Гэтэл салбарын яам хичээл орохоос хэдхэн хоногийн өмнө шийдвэрээ зарлаж, сургуулиудыг бужигнуулаад эхэллээ. Сонгосон сургууль нь татан буугдсан, эсвэл өөр сургууль руу шилжиж, төлбөрийн зөрүү гарсныг сонсоод, санхүүгээс авхуулаад бүх бэлтгэлээ хангачихсан оюутнуудад таатай санагдахгүй нь лавтай. Хамгийн гол нь, сэтгэл зүйн хувьд хохироогоод зогсохгүй, аав ээжийг нь ч давхар сандаргасан үйлдэл болж байна. Товчхондоо, Боловсролын яам энэ асуудлаа өнгөрсөн зургаадугаар сард л цэгцлэх ёстой байлаа.
ХИЧЭЭЖ АВСАН 800 ОНОО НЬ ХЭРЭГГҮЙ БОЛОВ УУ?
Одоогоос 10 орчим жилийн өмнө ч хувийн хэвшлийн зарим сургуулийг төрийн өмчийн сургуулиудтай нэгтгэх шийдвэр гарч байв. Тухайн үед МУИС-тай Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нэгтгэж, МУИС-ийн Худалдааны сургууль хэмээх салбар сургуулийг бий болгосон. Ингэснээр МУИС-ийн оюутнууд эсэргүүцэж “Шударга бус байна. Бид хичээж, 700-800 онооны босго давж, МУИС-д элссэн. Гэтэл 500-600 оноотой хүүхдүүдийг шууд манай сургууль руу нийлүүллээ. Хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хөдөлгөөн өрнүүлж байв. Тэгвэл яг үүнтэй ижил шийдвэрийг салбарын яамнаас танилцуулчихлаа. Ингэснээр хичээсэн, хичээгээгүй хоёрыг ижил үнэлсэн явдал боллоо хэмээн дахин шүүмжлэл өрнөж байна.
Угтаа бол сургуулийн босго бол босго л байх ёстой. МУИС-д элсэж байгаа оюутан нь тэр л шалгууртаа л тохирсон нэгэн байя. Шалгуураа хангаагүй бол элсүүлэхгүй байя. Ийм л зарчмыг бид баримтлах учиртай. Харамсалтай нь сургуулиудыг нэгтгэж нийлүүлэх нэрийдлээр мэдлэгийн түвшин өөр, уралдаант шалгалтанд орж элссэн сурагчдыг нэг ангид хүчээр хуваарилах нь тэдний урмыг хугалсан шударга бус явдал болж байна.
Төгсгөлд нь хэлэхэд, сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах бодлогыг нэг л өдөр хиймээргүй байна. Олон сарын өмнөөс төлөвлөж, хэнийг ч хохироохгүй байхад анхаармаар байна. Элссэн сургууль нь хаагдлаа гээд энд ч, тэнд ч хүүхдүүд сандарч яваа. Төлбөрөө төлчихсөн шүү гээд шаналж яваа. Бас, ЭЕШ-дээ түрүүлж, МУИС,ШУТИС-ийн босго татсан оюутнууд урамгүйхэн суугаа. Сургуулиудын урсгал зардал, эд хогшил гээд олон асуудал хөвөрч, зардал өсч байгаа. Энэ мэт олон асуудлыг салбарын яам олж харсангүй. Хор уршгийг нь сургуулиуд, багш, оюутнууд л үүрээд үлдлээ.