Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт Наран трейд компани барилга барихаар төлөвлөсөн, үүнийг нь оршин суугчид эсэргүүцэж байгаа талаар бид өмнө нь сурвалжилж байсан. Тэгвэл барилгын компаним, оршин суугчид хоорондын зөрчил даамжирч, шийдэгдсэн зүйгүй байна. Биднийг иргэдийн гомдлын мөрөөр оройн 22 цагийн орчимд очиход тус хорооны иргэд 13-р хороолол, Натур худалдааны төвийн зам дагуу байрлах, Наран трейд компанийн оффисын гадаа цуглаж, “Цэцэрлэгээ авъя” хэмээн дуу нийлүүлэн шаардаж байлаа. Тэд компанийнхан гарч ирэхгүй. Утсаа ч авахгүй байна” гэсээр угтав. Зургаадугаар хорооны 21 дүгээр байрны найман орцны 288 айлын эрх ашиг энд хөндөгдөж байгаа юм байна.
“ГАЗАР ӨРӨМДӨӨД ЭХЛЭХЭЭР НЬ ГАРЧ ИРЛЭЭ”
Наран трейд” компанийн байр буюу иргэдийн сайн мэдэх “Hard rock” кафетай байрны гадаа ирсэн иргэд хэлэхдээ “Өнөөдөр хашаанд газар өрөмдөөд эхлэхээр нь гарч ирлээ. Ажлаа хүчээр эхлэх нь ээ” гэцгээж байв. Тэдний тайлбарласнаар, оршин суугчдын байр компанийн оффис хооронд жижиг хоёр давхар барилга бий. Тус цэцэрлэгийн барилгыг 1990-ээд онд Зөвлөлтийн барилгачид барьсан ч өмч хувьчлалаар “Наран трейд” компанийн гарт очсон. Хэдий цэцэрлэгийн зориулалттай ч нэгэнт хувьд ч шилжсэн тул үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу ашиглагдаагүй гэж тайлбарлалаа. Одоо “Наран трейд”-ийнхэн өөрийн эзэмшлийн хоёр давхар байраа буулгаж, оронд нь Сургууль цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөж байгаа юм байна. Гэвч оршин суугчид “Нэгдүгээрт, сургууль цэцэрлэг нэрийн доор орон сууц барих нь тодорхой байна. Хоёрдугаарт, энэ жижиг зайд арван хэдэн давхар байшин барих нь зохисгүй. Тиймээс энэ хуучин байраа цэцэрлэгийнх нь зориулалтаар ашиглуулаад өгөөч. Тэртэй тэргүй манай хороо хүн ам ихтэй цэцэрлэг хүртээмжгүй, зогсоолгүй гээд асуудал ихтэй байна” гэж 21 дүгээр байрны оршин суугчид хэлж байлаа.
“БЭЛЭН ЦЭЦЭРЛЭГИЙГ НУРААЖ ЯАХ ГЭЭ ВЭ?”
Иргэд компанийнханд ийм үг хаяглаж байлаа. Зургадугаар хорооны 21 дүгээр сургуульд л гэхэд 4500 орчим хүүхэд сурдаг аж. Хороонд улсын цэцэрлэггүй. Хүүхдүүд тоглох ч газар олдоггүй байна. Гэвч хувийн компани өөрийн газар гэх нэрийдлээр нийтийн эзэмшлийн зам талбайд ч саад учруулж байгаа хэмээн оршин суугчид бухимдалтай байна. Мөн орц гарц хаадаг, машин нь багтдаггүй асуудлыг шийдэх хэрэгтэй гэж байлаа.
Нэг талаар компани хувийн өмчтэй байх нь зүйн хэрэг. Гэхдээ тэд 1990-ээд онд хууль бусаар улсын цэцэрлэгийн байрыг хувьдаа авсан, зориулалтаар нь ашиглаагүй гэж тэд ярилаа. Мөн иргэдийн үндсэн хуулиар олж авсан Эрүүл, Аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул шийдвэрээ эргэн харах хэрэгтэй гэж байр сууриа илэрхийллээ.
Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс Наран трейд компанитай утсаар холбогдох гэсэн боловч, утсаа авсангүй. Өмнө нь бид тайлбар авахад “Бүх зүйлийг хуулийн дагуу, төлөвлөгөө ёсоор хийж байгаа. Бид өөрийн эзэмлийн газартаа зохих ёсоор үйл ажиллагаа явуулж байна хэмээн тайлбар өгч байсан юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.