Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар түүнийг чөлөөллөө гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас тайлбарласан юм. Энэ талаар Б.Дүгэржавтай холбогдон, тодрууллаа.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар таныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ шийдвэрийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Өө, юу хэлэх вэ дээ. Би улс төрийн албан тушаалтан. Намынхаа шийдвэрийг дагана. “Намайг огцруулчихлаа. Би ажлаа өгөхгүй” гэж ярих утгагүй. Угаасаа би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргачихсан байсан. Миний хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэлээ.
-ЗГ шийдвэрээ танилцуулахдаа “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан тул чөлөөллөө” гэж тодотгосон. Тэгэхээр таны хүсэлтээр бус өөр шалтгаанаар чөлөөлсөн юм биш үү?
-Ажлаа өгөх хүсэлт гаргасан минь үнэн. Миний хүсэлтээр чөлөөлсөн үү, өөр шалтгаантай эсэхийг эрх бүхий албан тушаалтнаас нь асуу. Би мэдэхгүй.
-Та өөрийгөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажилд хэр үр дүнтэй ажилласан гэж боддог вэ?
-Энэ талаар ярьмааргүй байна.
-Тэгвэл ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаанаа тайлбарлаж болох уу?
-Өөр ажил хийх хүсэлтэй байгаа.
-“Улаанбаатарт томоохон албан тушаал хаших тохироотой ажлаа өглөө” гэж зарим хүн хардаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм юм байхгүй ээ. За, би завгүй байна (утсаа салгав).