Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулж байна.
Тэрбээр, Монгол Улсын үндэсний цахим шуудангийн үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-гаас дээш насны бүх иргэдэд И-Монголиа системээр дамжуулан цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болно. Монгол Улсын хэмжээнд 3.8 сая иргэн ухаалаг гар утас хэрэглэдгээс 1.5 сая нь И-Монголиа систем ашиглаж байна.
Иргэн бүр цахим хаягтай болсноор иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харилцах боломж нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
- 61 мянган иргэний гадаад паспортын хугацаа дууссан
- 4950 иргэний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаж байна гэсэн мэдээллийг өнөөдрөөс иргэндээ шууд и-мэйлээр хүргэх тогтолцоонд шилжиж байна.
Мөн ААН-үүд тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дууссаныг мэдэхгүй явж байдаг. Энэ нь хүндрэл учруулдаг бол одоо төрөөс цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.
И-Монголиа системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон. Цаашид 1200 үйлчилгээ болгож нэмэгдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 80 мянга орчим хүүхдийг цахимаар бүртгүүлсэн байна. 8-р сарын 25-нд танай хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээллийг цахимаар хүргэх болно гэв.