Украины ерөнхийлөгч В.Зеленскийн урилгаар Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар энэ Пүрэв гарагт Украины Львов хотноо уулзахаар болжээ. Энэхүү гурвалсан уулзалтын хүрээнд тэд Хар тэнгисийн боомт дээр очиж, үр тарианы экспортын нөхцөл байдалтай танилцах юм байна.
Өнгөрсөн сүүлчээр Истанбул хотод Орос, Украины төлөөлөгчид Хар тэнгисээр тээвэрлэдэг үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зурсан. Үр дүнд нь Хар тэнгисийн гурван ч боомт нээгдсэн билээ.
Турк улс энэ гэрээг батлуулахад зуучилж, НҮБ мөн оролцсон юм. Ингэснээр хэдэн сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдэхээс хамгаалж чадсан гэдгийг А.Гутерреш тухайн үед онцолж байсан. Энэ гэрээ нь Орос-Украины дайныг дуусгах эхний алхам болж магадгүй талаар Т.Эрдоган мөн онцолж байсан юм.
Харин энэ удаагийн уулзалтын өөр нэг зорилго нь Запорожье хотын хямрал, цаашлаад мөргөлдөөнийг улс төрийн замаар шийдвэрлэх арга хэлбэрийг хайна гэдгийг Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Украины Запорожье атомын цахилгаан станц нь Европын хамгийн том АЦС-д тооцогддог. Харин энэ станц руу ОХУ-ын цэргийн хүчин сүүлийн үед халдах, гал нээх нь ихэссэнээр нөхцөл байдлыг улам түгшүүртэй болгоод байгаа юм.
НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг Киевээс Запорожьед авчрахыг санал болгосон. Гэвч ОХУ-ын талаас Украины нийслэлээр дамжих нь аюултай гэдгийг сануулаад байна.
Эх сурвалж: AL JAZEERA