Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах зээлд худалдаалж буй будааны савлагаа, хаяг шошгын мэдээлэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтын явцад хаяг шошгын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал нийтлэг илэрчээ.
Иймээс “Бамбарууштай будаа” гэх нэртэй савласан будааны шошго дахь жингийн хэмжээ нь зөрүүтэй буюу жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ. Савласан будааны хаяг, шошгын стандарт, гарал үүсэл, жин хэмжээндээ хүрч байгаа эсэхэд хийж байгаа хяналт шалгалтын ажил одоо ч үргэлжилж байгаа юм байна.
Иргэд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол саналаа Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт мэдээлэхийг уриалж байна.