Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрээд байна. Тодруулбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна. Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох урьдчилсан төлөв гараад байна.
Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.