Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 6000 айлын орон сууц шинээр барихаар болсон талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар, Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилга байна. Эдгээрийн 105-ыг дахин төлөвлөлтөд хамруулахаар төлөвлөжээ. Үүнээс ирэх хоёр жилд багтаан 6030 айлыг орон сууцанд хамруулахаар төлөвлөж байгаа тухай мэдээллээ.
"Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучны орон сууцууд ихэвчлэн 12-46 метр квадрат хэмжээтэй байдаг. Орон сууц эзэмшигчид шинэ орон сууц ашиглалтад орох үед байрных нь хэмжээг 4-8 метр квадратаар нэмж өгөхөөр тохиролцдог байна. Гэхдээ дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгын талбайн хэмжээ том байдаг учраас иргэд нэмж мөнгө төлөх шаардлага гардаггүй" гэж албаныхан онцоллоо.
Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар энэ үеэр “Орон сууцны дахин төлөвлөлт бол нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах гол гарц. Тиймээс манай хороо энэ ажилд ихээхэн анхаарал тавина. Шаардлагатай гэж үзвэл ажлын нэгж талбарууд дээр очиж танилцан, ажиллах болно” гэлээ.
Харин ИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын хүчин чадал буюу давхрыг нь нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн. Тэрбээр хэлэхдээ “Хуучны дөрвөн давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох төвлөрөл, түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх хатуу байр суурь баримталж ажиллах хэрэгтэй" гэсэн саналыг энэ үеэр гаргасан байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ