Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа. Тэрбээр энэ үеэр “Тамхины торгууль 50 сая байж болно” хэмээн ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэхдээ “Тамхины торгуулийг 50 сая төгрөг болгох хэрэгтэй. Мөнгөтэй хүнд асуудалгүй” хэмээн хотын дарга болон агентлагийн дарга нартай "буу халав".
Тамхи, тамхидалтын хор нөлөөг бууруулахын тулд дэлхийн улс орнууд татвараа өсгөдөг, үүнийхээ ачаар дүнд хүрсэн жишээ цөөнгүй бий. Гэхдээ Ерөнхий сайд гудамжинд тамхи татчихаад хаясан нэгнийг 50 сая төгрөгөөр торгоё гэж ярьсан нь “байгаа оноогүй” явдал болов. “400 сая жуулчин хүлээн авна” хэмээн буруу ярьсан ч, тас гүрийсэн шигээ юм болов уу хэмээн нийгмийн сүлжээнд олон нийт түүнийг “цаашлуулж” байна.
Ийнхүү Ерөнхий сайдын иргэдээ тавласан мэт, болгоомжгүй үг нийгмийн сүлжээний хэлэлцүүлэг болж, “Дарга нар бодлого гаргаж болно. Даанч амьдралаас хэтэрхий тасарчихсан юм ярих юм” хэмээх шүүмжлэлийг дагуулаад байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үедээ дарга нараа автобусанд суулгаж “том ярьдаг” байсан цаг саяхан. Тэгвэл түүний халааг Л.Оюун-Эрдэнэ авч, хэлбэрдэлтээсээ болж, сайнтай муутай үг сонссоор явна.