Энэтхэг гаралтай Английн алдарт зохиолч Салман Рушдиг Нью Йорк хотноо нэгэн үйл ажиллагааны үеэр хутгалсан хэрэг гараад удаагүй байна. Энэ харамсалтай үйл явдлын улмаас цочирдсон олны танил эрхмүүд цахим хаягаа ашиглан, түүний биед санаа зовж, эрүүл энхийг хүсч буйгаа илэрхийлсээр байна.
Тэгвэл Харри Поттерын зохиолч Ж.К.Роулингийн жиргээний дор нэгэн хаягаас “Дараагийнх нь чи байх болно” гэж бичсэн нь халуун сэдэв болж байна. Ж.К.Роулинг Салман Рушдид эрүүл энхийг хүссэн бичвэрийн доор ийнхүү сүрдүүлэг иржээ.
Мөн “Meer Asif Aziz” нэрээр Twitter хаягаа нэрлэсэн этгээд Салман Рушдиг хохироосон этгээдийн зурагны дор “Энэ залууг Хади Матар гэдэг. Тэр бол Шийтийн хувьсгалч тэмцэгч юм” гэж бичсэн нь Ж.К.Роулингийн олон мянган шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож байна. Одоогоор цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа талаар зохиолч бүсгүй Twitter хаягаараа дамжуулан мэдэгджээ.
Харин халдлагад өртсөн зохиолч Салман Рушдигийн хувьд “The Satanic Verses” хэмээх ном бичсэнээсээ хойш хэд хэдэн удаа сүрдүүлэг, заналхийлэлд өртөж байжээ. Түүний заналхийлэл халдлагад өртсөн шалтгааныг олон нийт түүний Энэтхэг гарал, мөн Исламын шашинтнуудтай холбон таамаглаж байна. Одоогоор 75 настай зохиолч эмнэлэгт эмчлүүлж байна. Эргэн сануулахад, халдлага гарсан өдөр алдарт зохиолч Салман Рушдиг олны өмнө 15 удаа хутгалж, амийг нь хөнөөх гэж оролдсон байна.
Эх сурвалж: GUARDIAN