Зүүн Хойд Азийн бүс нутгийн анхаарал татсан улсууд болох ОХУ, БНАСАУ нар хоёр талын харилцаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр болжээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин захидлаар БНАСАУ-ын удирдагчид мэдэгдсэн байна. Тодруулбал, БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлагийн /KCNA/ мэдээлснээр “Солонгосын хойгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах тухай В.Путин онцоллоо” гэжээ.
Харин Ким Жон Ун түүний захидлын хариуд “хоёр улсын цэрэг армийн хамтын ажиллагаа,стратеги “дайснуудын дайралт”-аас шалтгаалж, улам бүр бэхжиж байгаа” гэдгийг хэлсэн байна. Тэрээр “Дайснууд” гэж чухам хэнийг хэлж байгаа талаар KCNA агентлаг нэр дурдаагүй ч барууны эвслийг хэлж байгаа нь тодорхой гэдгийг “Al Jazeera” мэдээлжээ.
Орос-Украины дайн эхэлснээс хойш таван сарын дараа буюу өнгөрсөн сард БНАСАУ зүүн Украины Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа юм. Түүнчлэн, албаны хүмүүс БНАСАУ-ын ажилчид дээрх хоёр муж руу очиж, бүтээн байгуулалтад тусалж байх өндөр магадлалтай хэмээн мэдэгдээд байна.
Ийнхүү дэлхий хүчний тэнцвэрийн хувьд хоёр хуваагдаж эхэлсэн нь улам бүр ил болж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: AL JAZEERA