АНУ-ын Конгрессын танхимын төлөөлөгчдийн дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлаад удаагүй байна. Тэгвэл өчигдөр орой АНУ-ын өндөр дээд албан тушаалтнууд дахин Тайваньд очжээ.
Пелосигийн айлчлалын дараагаас арлын ойр орчимд БНХАУ цэргийн сургуулилт хийж эхэлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт тэд цэргийн сургуулилтаа зогсоосноор нөхцөл байдал арай намжлаа гэж ажиглагчид үзэж байсан юм. Гэсэн хэдий ч энэ удаагийн айлчлал дахин “ “гал дээр тос нэмэх вий” хэмээн олон улс судлаачид болгоомжилж байна.
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд сенатор Эд Маркей тэргүүтэй АНУ-ын дөрвөн хууль тогтоогч багтаж байна. Тэд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийж байгаа айлчлалын хүрээнд Тайваньд ирж байгаа гэдгээ мэдэгдээд байна. Айлчлалын баг бүрэлдэхүүн эхлээд Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вентэй уулзах юм байна.
Хямралын үед АНУ ойр ойрхон айлчлал хийж байгаа нь Америкчууд Тайванийн талд байгаа буюу бүрэн туслалцаа үзүүлж, дэмжинэ гэдгийг дахин баталсан хэрэг боллоо шинжээчид дүгнэж байна.
Энэ айлчлалын талаар Вашингтонд суугаа БНХАУ-ын элчин сайд “АНУ-ын Конгрессын гишүүд “Нэг Хятад” бодлогыг анхаарч, “хөрсөн дээрээ буусан” дипломат алхам хэрэгжүүлнэ үү” хэмээн мэдэгджээ. Мөн “АНУ Тайваньд энх тайван байдлыг хүсэхгүй байгаа бололтой” гэсэн нь олон улсын анхааралд өртөөд байна.
Эх сурвалж: REUTERS, CNBC