Манай улс малын гоц халдварт өвчний эсрэг вакциныг гадны улсаас импортоор авдаг. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой ч Биокомбинатын ажлыг гацааж, “мөнгө хийх” сонирхолтой бүлэглэл Монголд бий болчихсон хэмээн гавьяат малын эмч Ц.Өлзийтогтох хардаж байна. Түүний яриаг хүргэе.
Манай улс ганцхан улсаас малын вакцинаа авдаг. ОХУ-аас хэт хамааралтай гэдэг шүүмжлэл ч гардаг шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?
2016 онд 60 тэрбумын асуудал яригдсан шүү дээ. Энэ үед би МАН-ын 60 тэрбумын 13 тэрбумыг нь малын вакцины наймаанаас гаргасан байна гэж өдөр тутмын сонинд бичиж байлаа. Тухайн үед буюу2016оны 8 сарын 31-ний өдөр Засгийн газар 71-р тогтоол батлаад, нийт 13,9 тэрбум төгрөгийг гурван компанид хувааж өгсөн байдаг юм.
Ер нь малын эм бэлдмэлээр мөнгө олохдоо эрх мэдэлтнүүд хуульдаа өөрчлөлт оруулчихдаг юм байна. Жишээ нь, тендерийн тухай хуульд вакциныг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж авч болно гэсэн заалт оруулчихсан байна. Үүнийхээ дагуу л ОХУ-аас вакцинаа аваад байна.
Нэг улсаас вакцин авах нь ямар ч харьцуулалтгүй маш бүрхэг асуудал. Тэр вакцин сайн юм уу, муу юм уу, бүү мэд. Яагаад гэвэл, Монгол улс үүнийг шалгах чадваргүй.
“Манайх шалгаж байгаа гээд л ярьцгаадаг л юм. Яаж вэ гэхээр “Тарьсан үхрээс цус авч шинжилдэг гэдэг. Эрдэмтэн гэгч нөхдүүд нь, яамныхан нь ийм юм яриад л, УИХ-ын гишүүд нь итгээд л сууж байна лээ. Ингэж шинжилдэг шинжилгээний тогтолцоо дэлхийд байхгүй. Ийм судлаачидтай орон хаана ч байхгүй. Үүний цаана захиалга байна. “Сайн гээд тайлбарлаад ятгачихвал Монголчуууд дахиад л вакцин аваад байх юм байна” гэсэн бодолтой мафийн тогтолцоо бий болчихлоо. Ийм мафи байгаа учраас л нэг улсаас аваад байна. Гэтэл хэрэглэсээр байтал л шүлхий нь тарлаа. Давтан тариад л байна.
Дэлхий дээр 7 хэвшлийн шүлхийн вакцин бий. Гэтэл нийцэж байгаа эсэхийг тодорхойлох “VACCINE MATCHING” гэдэг зүйлийг олон улсын лабораторид шинжлүүлчих бүрэн боломжтой байхгүй юу. Гэтэл эрхтэн дархтнуудад тийм сонирхол байхгүй.
Та “Гаднаас чанаргүй эм, вакцин аваад байна. Малаа улам өвчлүүлээд, хүнсээ хордуулаад байна” гэлээ. Гэтэл Монголдоо вакцин үйлдвэрлэх ажил яагаад урагшилдаггүй юм бэ? Хамгийн сүүлд л гэхэд, шүлхийн вакцины төсөл хэрэгжээд, дотооддоо гаргаж авсан гэдэг. Гэхдээ үр дүнтэй юу, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юу гэдэг нь тодорхойгүй байсаар л байна шүү дээ?
Энэ жил л гэхэд вакцинжуулалтад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд өгөөч ээ гэж зөндөө л ярилаа. Яагаад гэвэл, би дотоодын вакцины үйлдвэрлэлийг 14 жил, цехийн үйлдвэрлэлийг 7 жил удирдсан хүн байхгүй юу. Технологичоос нь эхлээд л ажилласан. Гэвч вакцинаа дотооддоо гаргаж авъя, ажлаа урагшуулъя гэхээр төсөл хөтөлбөрийг нь эрдэмтэн мэргэн гэх худлаа нэр барьсан хүмүүст өгчихдөг. Шинэчлэлийг нь гацаагаад зогсоочихдог. Яагаад гэвэл гаднаас вакцин зөөж байх нь л тэр хүмүүст ашигтай байна шүү дээ. Өвчин гарахыг ч өөрсдөө мэддэг болчихлоо. Ийм тийм өвчин гарах эрсдэлтэй байна шүү гэж анхааруулж байгаад л вакцин шахдаг. Наймаа хийдэг.
2008-2009 оны үеэс л бид Унгар улстай хамтарч Биокомбинатын шинэчлэлийг эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр хоёр улс ойлголцох боломжгүй болоод л ажил нь зогсчихсон байна.
1973 онд Унгар улсын тусламжаар шинэчлэгдэхэд л Биокомбинат дэлхийн жишигт хүрчихсэн юм билээ. Шинэчлэл үргэлжлээд явах ёстой байсан ч наймаачид, хулгайчдын бүлэглэлийг удирдлагаар нь аваачиж тавиад зогссон. Ингэхээр үйлдвэрлэл ч байхгүй шинжлэх ухаанч байхгүй, мэргэжилтэй боловсон хүчин ч алга болсон.
Малын арьс товруутах гэдэг огт гарч байгаагүй өвчин өнгөрсөн намар гараад л ирлээ шүү дээ. Дулаараад ирэхээр дахиад гарах магадлалтай. Түүний вакциныг ч Монголд үйлдвэрлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ямар ч оролдлого алга.
Мөнгөний ашиг сонирхлоос гадна, улстөржилт нөлөөлөөд байна уу?
Аль аль нь байна.Би яагаад вакциныг цөмийн зэвсэг гэж бичээд байдаг вэ гэвэл вакцин хийж чадаж байгаа улс орнууд өнөө цагт хамгийн хүчтэй байна шүү дээ. Биотерроризмийн асуудал дэлхийн гамшиг болчихлоо. Би хүн эмнэлгийн вакциныг чинь хийгээд өгчихье гэж хүртэл хэлж байсан удаатай. Ийм сайхан бааз суурь, үйлдвэрийг Засгийн газар, төрийн оролцоотойгоор устгаж байгаад харамсаад байдаг юм. Хөгжүүлэх биш, устгах тийшээ явуулаад байна. Удирдлагуудыг нь сүүлийн гурван жилд бараг 6 удаа солилоо. 7 дахь даргыг нь саяхан томилсон байна. Энд бас нэг ноцтой шалтгаан байгаа юм.
Ямар?
Гадны заавар зөвлөмж ирж байхыг ч үгүйсгэхгүй гэж бодож байна. Монголын “Биокомбинатыг нь устгаад өг. Ингээд өвчин тараагаад газар нутгийг нь эзэлж авъя. Малчид нь хотдоо бөөгнөрөөд, уул уурхайг нь эзэлъя гэсэн санаархал ч явж байж мэднэ. Гадаадынхан Монголын байгалийн баялагт л шунаж байна шүү дээ. Ийм юм байж магадгүй гэж харддаг.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.