Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдэд холбогдох шүүх хурал хойшлоод байна. Өгөрсөн оны тавдугаар сарын 29-нд эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.
Тус хэрэгт холбогдох шүүх хурал өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр болох байсан ч хойшилжээ. Шүүхийн албан мэдээг хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 2109000000706 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан энэ оны оны наймдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч зарим яллагдагч нарын нэр бүхий өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянан хэлэлцээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд хойшлуулж, уг хуралдаан хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоор яллагдагч Б.Бямбадоржид урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэжээ.
Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГИЙН ГАЗАР