БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт болж буй үерт Монгол Улсын иргэн өртсөн тухай мэдээлэл ирээгүй гэдгийг ГХЯ-наас мэдээлэв.
Солонгос улсын төвийн бүс нутагт энэ сарын 8-наас усархаг бороо үргэлжлэн орж байгаагийн улмаас үер усны аюул үүсэн, 8 хүн нас барж, 6 хүн сураггүй болж барилга байгууламж усанд автан, хөрсний гулгалт үүссэн байна.
Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн төвлөрөл бага байдаг. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг тогтмол түгээж байна.
Нэн ялангуяа гадаа орчинд ажиллах явцад хальтиргаа гулгаа үүсч, осол аваар гарч болзошгүй тул иргэд болгоомжтой, сонор сэрэмжтэй байна уу. Яаралтай үед ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу гэв.