Дэлхий дахинд хямрал үүсгэж буй ОХУ-Украины дайны зэрэгцээ БНХАУ-Тайванийн асуудал анхаарлын төвд ороод удаагүй байна. Тухайлбал, удаан хугацаанд түгшүүр үүсгээд байсан БНХАУ-Тайванийн асуудлыг АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси-гийн Тайвань дахь айлчлал улам хурцатгасан гэхэд болно. Асуудал нэгэнт яригдаж эхэлсэн тул Байдены засаг захиргаа Бээжинд өөр татвар ногдуулах уу, эсвэл зарим тарифыг цуцлах уу гэсэн асуудлаар дахин ярилцаж магадгүй байна.
Одоогоор энэ асуудал зөвхөн яриа төдийхөн түвшинд байгаа бөгөөд ерөнхийлөгч Байден хараахан шийдвэр гаргаагүй, түр хойшлуулаад байгаа талаар цагаан ордон мэдээлсэн. Хэрвээ тарифын асуудалд өөрчлөлт орвол АНУ-ын инфляцын түвшинд аюул нүүрлэх өндөр магадлалтай. Мөн ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуульд ч хамаарах асуудал тул Ерөнхийлөгч Байден “маш болгоомжтой” хандаж байгаа талаар эх сурвалжууд нь хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үүрэгт ажилдаа орсноосоо хойш өмнөх ерөнхийлөгч Д.Трампын үед эхлүүлсэн “худалдааны дайн”-ыг зөөллөх гадаад бодлого баримталж байсан. Гэвч олон улсын тогтворгүй нөхцөл байдал дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний харилцаанд дахин асуудал үүсгэж болзошгүй байна.
Эх сурвалж: REUTERS