Хичээлийн шинэ жил болоход 19 хоног үлдээд байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг хэдийнэ бэлдээд эхэлжээ. Бид Нарантуул худалдааны төв дээр очиж, хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцасны үнийг судаллаа. Дүрэмт хувцасны тухайд, өнгөрсөн жил 80-170 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол өнөөдрийн байдлаар 120-240 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хичээлийн гол хэрэгсэл болох дэвтэр үйлдвэрээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байгаа юм. Дунжаар 12 хуудастай дэвтэр 600 төгрөг, 24 хуудастай дэвтэр 900 төгрөг, 36 хуудастай дэвтэр 1600 төгрөг, 96 хуудастай дэвтэр 2350 төгрөг болж өсжээ.
Эцэг эхчүүд дотооддоо үйлдвэрлэж байгаа дэвтэрний үнэ хоёр дахин өссөнд бухимдалтай буйгаа хэлсэн юм. Мөн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй, тэр бүү хэл дан ганц дүрэмт хувцаснуудыг нь ч авч чадахгүй байгаа тухайгаа ярилаа.
ХУДАЛДАН АВАГЧИД:
ДАРААГИЙН ЦАЛИН БУУХААР ХОЁР ДҮҮГИЙНХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ ӨГНӨ
- Миний хувьд гурван хүүхэдтэй. Хоёр бага маань бага анги, том охин маань энэ жил дунд ангид орно. Бага ангийнх нь дүрэмт хувцсыг өмсүүлэлтэй нь биш гээд шинээр худалдаж авлаа. Арай том юм болохоор нь иж бүрэн бэлдэж өгсөн юм. Нэг хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд л 420 мянган төгрөг зарцууллаа. Хоёр дүүд нь хэдэн дэвтэр ч авч хүрсэнгүй. Хагас сарын цалингаараа нэг хүүхдээ ч иж бүрэн хичээлд нь оруулахад чанга болжээ. Ихэвчлэн дотооддоо үйлдвэрлэсэн зүйлс л авлаа. Яагаад ингэж үнэ нэмэгдсэнийг ойлгох юм алга. Дараагийн цалин буухаар хоёр дүүгийнх хэрэгслийг бэлдэж өгье гэсэн бодолтой байна. Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бүх цалингаараа аваад өгчихөөр цаана нь юу идэж уух вэ гээд чанга л байна.
ДҮРЭМТ ХУВЦАС АВААГҮЙ Ч ХОЁР ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ 600 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БЭЛДЛЭЭ
- Дүрэмт хувцсыг нь солиод өгөх санаатай наашаа гарсан. Дийлдэхгүй юм байна. Хуучин хувцсыг нь л засаж янзлаад өмсүүлэхгүй бол үнэ санаснаас өндөр байна. Юмны үнэ өссөн гээд аль болох төсвөө боломжоороо их тооцоолж гарч ирсэн. Ингэж айхтар өссөн чинээ бодоогүй юм байна. Уг нь, эртхэн бэлдихвэл арай хямд байх болов уу гэж бодсон юм тийм биш байна.
- Би хоёр хүүхэдтэй дэвтэр, бал, цүнх, бэлтгэлийн хувцас зэргийг нь л цуглуулахад бараг 600 мянга болох шиг боллоо. Дүрэмт хувцсыг нь худалдаж авбал хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл бараг нэг сая төгрөг болох нь. Гэтэл бидний цалин мөнгө хэдэн төгрөг билээ. Юмны үнэ тэнгэрт хадаад байхад цалин хөлсөө нэмэх арга чарга бодох л хэрэгтэй байна. Нэгэнт өссөн үнийг хүчээр барина гэж байхгүй шүү дээ. Гол нь цалингаа нэмээсэй гэж бодож байна.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХИЙН АРГА АЛГА
- Монголд үйлдвэрлэсэн зүйлсийн үнэ гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнүүдээс үнэтэй байх юм. Манай хүүхэд энэ жил наймдугаар ангид орно. Өнгөрсөн жил формыг нь сольж чадаагүй. Сая худалдаж авахад 200 мянган төгрөг боллоо. Хятадаас орж ирсэн нь 80 мянга гээд цаана байна. Чанарын хувьд арай дээр юм уу гээд, нүдээ аниад л авлаа. Гэхдээ ингэж үнэтэй авлаа гээд чанараараа дээрдээд байх зүйлгүй ч юм шиг. Манай хүүдийн өмнөх форм нь бөөсрөөд өмсөхийн эцэсгүй болсон. Хоёр жил ч өмсөөгүй юм, уг нь.
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ЧУХАЛ. ГЭХДЭЭ ХЯМД ТӨСРӨӨР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
- Сурагчдыг зүгээр цэнхэр цамц, өмд, юбкаар жигдрүүлбэл амар юм гэж бодоод байгаа. Дүрэмт хувцсаар жигдрүүлмээр байдаг бол чанар, үнэ дээр нь анхаармаар юм байна. Дээрээс нь тамирын хувцасыг нь бас өнгө заачихна. Тэгэхээр шинээр авахаас өөр арга алга.
Иргэд үнийн өсөлттэй энэ үед хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх нь хүнд дарамт болоод байгаа юм. Зарим эцэг эхчүүд цалингаа нэмэхгүй бол энэ байдлаараа ядууралтай нүүр тулахад ойртож буйгаа хэллээ.
ХУДАЛДААЧИД: ХЯМРАЛТАЙ ЖИЛД ГҮЙЛГЭЭ ЭРС МУУДЛАА
Харин худалдаачдаас борлуулалт хэр сайн байгааг тодруулахад:
- Тийм ч сайн биш байна. Үнийн өсөлтийг гайхсан, уурласан хүмүүс л их байна. Бид ингэж нэмээгүй гэдгийг ойлгохгүй юм. Одоо ч яах вэ хүмүүс хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх нь дөнгөж эхэлж байгаа. Найман сарын сүүлээр Нарантуул хөл гишгэх зайгүй болно.
- Өнгөрсөн хэдэн жил хичээлийн хэрэгслийн наймаа тэг зогссон гэхэд болно шүү дээ. Тэгэхээр үнэ өсөхөөс аргагүй. Иргэдэд дарамт болж байгааг харж байгаа. Гэсэн ч бидний зүгээс яаж ч чадахгүй. Бараагаа л зарахыг бодно. Хүмүүс ихэвчлэн хямд төсөр гэсэн болгоныг нь л түүж авч байна. Амьдрал хүнд байна.
Ийнхүү үнэ өссөн жилд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах амаргүй байгааг ярилаа. Тэд зөвхөн хувцас авахад л 100 гаруй мянган төгрөг зарцуулж байгаадаа бухимдаж байлаа. Гэхдээ дүрэмт хувцасыг заавал өмсөх ёстой. Энэ нь хүүхдүүд өөр хоорондоо хувцасаараа уралддаг, тэгш бус байдлыг арилгахад ихээхэн тустай гэдгийг иргэд хэлж байлаа. Тиймээс өр зээл тавиад ч хамаагүй, дүрэмт хувцас, хувцас хэрэглэлээ базаана гэж ярьсан юм. Хамгийн гол нь, хямралтай жилийн хичээлийн шинэ жил өртөг өндөр байгаа тул цалин орлогоо өсгөх, нэмэлт орлоготой болохгүй бол горьгүй нь хэмээн олон нийт санал нэгтэй байна.
Сурагчийн дүрэмт хувцасны дундаж үнийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Бага анги
Эрэгтэй-Хүрэм 78000, Өмд 49000, цамц 32000, зангиа 5000
Эмэгтэй-Cарафан 78000, цамц 32000, Зангиа 7000
Дунд анги
Эрэгтэй-Хүрэм 95000, Өмд 60000, цамц 35000, зангиа 7000
Эмэгтэй-Хүрэм- 95000, Юбка 55000, Цамц 35000, Зангиа 7000
Ахлах анги
Эpэгтэй-Хүрэм 120000, Өмд 65000, цамц 38000, зангиа 8000
Эмэгтэй – Хүрэм- 108000, Юбка 58000, Цамц 38000, Зангиа 8000