Шатрын спортын их мастер А.Энхтуулд Франц улсын өмнөөс Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубт тоглох урилга ирсэн талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ.
Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг Филидор-Мулхаус шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн байна. Энэхүү урилгыг 44 дэх шатрын олимпиадад оролцож байх үеэр нь түүнд албан ёсны захидлаар дамжуулан илгээжээ.
Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд ирэх аравдугаар сард Австри улсад зохиогдох "ЕВРОПЫН ЦОМ"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох шаардлагатайг урьсан тал мэдүүлсэн байна.
Их мастер А.Энхтуулын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдсон 44 дэх Дэлхийн Шатрын Олимпиадад 1-р ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, ТОП 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо