Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Тэрээр " Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах гэж байна. Монгол улс 1980 онд Багануур хотыг барьснаас хойш шинээр хот байгуулаагүй.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар зарим төр захиргааны байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх тогтоол эцэслэн албажлаа.
Энэ баасан гарагт Хөшигийн хөндийг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлнэ. Энэ ажлууд эхэлснээр 200 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахаар тооцоолж байна.
Ирэх жилүүдэд дараагийн хот байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Хөшигийн хөндийд 150 мянга гаруй иргэн амьдрах боломжтой гэж үзэж байгаа. Хамгийн чухал нь цэвэр ус, ажлын байрны хүрэлцээ гэж харж байна. Хөгжлийн төлөвлөлтөө батлахдаа ажлын байртай уялдуулсан.
Мөн усны нөөцдөө тулгуурлан, цэвэр усны шугам сүлжээг хийхээр тооцоолж байна. Мөн 20 мянган м.куб багтаамжтай цэвэршүүлэх байгууламж барина. Цахилгаан шугамуудыг ч мөн үе шаттайгаар шинэчилнэ" гэлээ.