Адармаатай цаг үе. Хойд хөрш Украйнтай дайнтай. Өмнөд хөрш Тайванийн асуудлаар АНУ-тай асуудалтай. Хойд, урд хоёр хөршийн зүг дэлхий анхаарлаа хандуулаад байгаа. Яг ийм цаг үед хоёр хөрш орны дунд байдаг Монгол Улсад жил хүрэхгүй хугацаанд олон айлчлал хөвөрлөө. Монгол Улс энэ цаг үед төвийг сахих байр сууриа хадгалж, олон талт гадаад бодлогын зөв тоглолт хийж чадаж байна. Монгол Улсын гадаад бодлого чамлахааргүй байгааг, айлчлалууд харууллаа. Монгол Улс дэлхийд нүүрээ барчихаагүй юм байна. Энэ олон нарийн агуулга тээсэн, сүлжилдсэн айлчлалуудыг судлаач Д.Баярхүүгийн хэлснээр “Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол Улс болчихов уу” гэж харж болохоор байна.
Нэг жилийн хугацаанд Монгол Улсад Польшийн Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга З.Рау, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Японы гадаад хэргийн сайд Ё.Хаяши, Германы зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхад Цорн, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал О.Азулей, Хятадын гадаад хэргийн сайд Ван И, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар айлчиллаа. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Боомтуудыг нээе, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг санхүүжүүлье, Монголоос нүүрс тогтмол авъя” гэлээ. Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ван И-гийн айлчлал хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэхээр харагдаж байна. Монгол Улс тулгамдаад байгаа болон өөрт ашигтай асуудлаа шийдүүлэхээр ярьж чадсан айлчлал боллоо. Хоёр тал төсөл хөтөлбөрүүдээр хамтрах талаар ярьсан нь манайхнаас нүүр буруулсан хөрөнгө оруулагчдад Монгол руу зүглэх том мессэж өглөө.
Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррешийн айлчлал үргэлжилж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг төрийн тэргүүний түвшинд хүлээж авч байгаагаараа онцлог. Төрийн тэргүүний урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байгаа нь анхны удаагийнх юм.
Энэ жил Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж зарласны 30 жилийн ой тохиож байна. НҮБ үүнд онцгой ач холбогдол өгч сайшаадаг. Мөн Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болоод 61 жил болжээ. Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиолоо. Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын индэр дээрээс Тэрбум мод үндэсний хөдөлгөөн санаачилгаа зарласан. Үүнийг мэдээж НҮБ сайшаан дэмжсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт мод тарилаа. Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархлаа илэрхийлсэн, “Энхтайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж хэллээ. Эгийн голын усан цахилгаан станцын тухайд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ болон олон Улсын хамтын нийгэмлэг Монголын ардчилал хүний эрхийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Нэг л их шүүмжлэл, гомдол, эргэлзээ тээнэгэлзлийн дунд байгаа бидэнд дээрх айлчлалуудын үр дүн сэтгэл сэргээсэн мэдээллүүд байлаа.
“Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа..” гэж их зохиолч Нацагдоржийн өгүүлсэнчлэн дэлхийн байдал ороо бусгаа үед Монгол Улсын гадаад бодлого маш сайн байгааг энэ олон улсын айлчлалууд харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, тэр дундаа гадаад харилцааны яам, Б.Батцэцэг сайд нар олон улсын харилцааны зогсонги байдлыг хөдөлгөж, гадаад бодлогын уран нүүдэл хийлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд ар араасаа хөвөрсөн олон айлчлалын үр дүн бодитой, ач холбогдолтой боллоо. Хятад хүн “за”, “үгүй”-г тийм ч амархан хэлчихдэггүй. Гэтэл Хятадын Гадаад хэргийн сайд бидэнд “за” гэчихлээ. Олон улс судлаачид, ажиглагчид, Монголын сэхээтнүүд, эрх баригчдыг улайтал шүүмжилдэг ардчиллын дууч нар ч дээрх айлчлалуудыг дуу нэгтэйгээр талархлын үгээр мялааж байна. Баабар "НҮБ-ын босс “Еөк”-ийн урилгаар айлчиллаа. Гүтэрэш Японоос Монгол, эндээсээ Солонгос орно. Зүүн хойт Азийн бүс нутагт Монголын гүйцэтгэж байгаа ролийг өндрөөр үнэллээ” гэсэн бол Э.Бат-Үүл “Дэлхийн III дайн болчих гээд нойр хоолгүй тэвдэж яваа Антонио Гутеррешийг Монголд урьж ирүүлээд мод тариулж буй У.Хүрэлсүхийн геополитик гайхалтай цагаа олов. Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монголоо, түгшүүрт автсан дэлхийд энхтайваны бэлгэдэл болгон ингэж алдаршуулдаг нь супер” гэлээ.
Дараалсан энэ айлчлалуудаас нэгээс бусдад нь нэг ижил зүйл цухалзана. Энэ нь эрчим хүчний хараат байдлаас гаргаж өгөх тал дээр анхаарч ажиллах амлалтууд. Айлчлалуудын үр өгөөжийг хүлээх үлдлээ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал таагүй байгаа цаг үед энэ өгөөжтэй айлчлалууд дэлхийн анхаарлыг Монголын зүг хандуулсан, том сурталчилгаа болж чадлаа. Ирсэн гийчин буцдаг ёсоор тэд ирээд буцаж байна. Энэ бүхний эцэст үр дүн, хожил.
Д.Мөнгөндалай