Хуш модны самрыг түүх хугацаа болоогүйг БОАЖЯ-наас анхаарууллаа. Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612,7 мянган га, ойн нөөцийн 8,9 хувийг эзэлдэг.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-166 дугаар тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу хуш модны самрын хувьд тухайн жилийн ургацын байдлыг тус сум орон нутгийг хариуцан ажиллаж буй Ойн анги нь судлан тогтоож мэдээ, дүгнэлтээ Ойн судалгаа, хөгжлийн төвд тухайн оны 08 дугаар сарын 01-ны дотор хүргүүлнэ.
Дүгнэлтийг мөн тухайн оны 08 дугаар сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус дүгнэлт, орон нутгаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн жилд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах болон хориглох тухай шийдвэрийг тухайн оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүсчлэн гаргадаг.
Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу 09 дүгээр сарын 10-аас дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд бэлтгэхийг зөвшөөрдөг.
Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг болохыг БОАЖЯ-наас анхаарууллаа.Харин энэ жил экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аль болох самар хэт их түүхгүй байхыг уриалж байна.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах тухай шийдвэр гарсны дараагаар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутагтаа ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтоодог гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.