ХБНГУ-ын экстрем спортын тамирчин Гийдо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны 8 сарын 5-аас Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл /Улаангом – Архангай – УБ – Багануур – Баруун-Урт – Бичигтийн боомт/ 2400 км-ийг уулын дугуйгаар хамгийн богино хугацаанд буюу 7 хоногт аялахаар замдаа гарсан билээ.
Тэрээр өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна.
Экстрим спортын тамирчин Гиидо Кунзе “Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсад анх удаа ирлээ. Монголчууд найрсаг хүмүүс байна. Монгол, Герман хоёр улсын хооронд олон ялгаа бий ч аяллынхаа үеэр хоёр улс юун дээр хамтарч ажиллаж болох талаар их зүйл анзаарч харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Экстрем спортын аялалын үеэр Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын “Боролдой” студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчилж байгаа юм.
Гийдо Кунзе нь сүүлийн 10 жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байна. Тодруулбал,
- Австралийн баруун хязгаараас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд туулсан
- дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарсан
- Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан
- Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг