БНСУ-ын зарим хотод усархаг бороо орж, үерлэж байгаа тул тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас монгол иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргалаа.
Сэрэмжлүүлэгт, "БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 8-ны орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсэн долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлэв.
Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл бий болоод байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам