Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч М-д 4,000 төгрөгийн төлбөрийг интернэт банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4,000 юань шилжүүлжээ. Жолооч Мөнхөө Б-г андуурч гүйлгээ хийснийг мэдсээр байж түүний мөнгийг буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ.
Шүүхээс уг 4,000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцон М-д Б-ийн хохирлыг арилгаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноов.
Эрүүгийн хуульд “хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно” хэмээн заасан байдаг.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс