Цагдаагийн байгууллага эрхийг нь хамгаалж, үүргээ биелүүлээгүй хэмээн иргэн Ү.Ганбаяр гомдолтой байгаа талаараа бидэнд ярьлаа.
Өнгөрсөн сарын 10-11 шилжих шөнө иргэн Ү.Ганбаяр таксинд явж байхдаа үл таних этгээдэд гурван удаа хутгалуулсан байна. Ингээд Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдэгдсэн боловч, камерын бичлэг шүүгээгүй, хэрэгтнийг олж тогтоох үйл ажиллагаа явуулаагүй байжээ.
Хохирогч Ү.Ганбаяр хэрэг гарснаас хойш ГССҮТ-ийн сэхээний тасагт гурван өдөр болж, нийт найман хоног хэвтсэн байна. Түүний хувьд хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хийх боломжгүй болжээ.
Хэргийн талаар хохирогч Ү.Ганбаяр ярихдаа “Би тэр өдөр Өргөөгийн автобусны буудал дээрээс нэг залуу авсан юм. Ингээд 10 дугаар хороололд хүргэж өгсөн. Таксины мөнгө “5400 төгрөг гарсан байна” гээд эргээд хартал шууд хоолой руу хатгасан. Сандраад бүсээ тайлахын хооронд араас дал, бугалган дээр дахиж хоёр хутгалсан. Би тэгэхэд утасгүй байсан учраас цагдаа дуудаж чадаагүй. Ингээд шууд ГССҮТ рүү өөрөө явсан. Гэмтлийн эмнэлгийн цагдаа нь бүртгэсний дараагаар, БГД-ийн хоёрдугаар хэлтсийн цагдаа нар шөнө ирсэн. Миний хувьд ГССҮТ-д найм хоног хэвтсэн. Сэхээнд гурав хоносон юм.
Уг нь, энэ хэрэг н.Мягмарбат гээд байцаагч дээр байсан. Эмнэлгээс гараад хэргийн явц юу болж байгааг мэдэхээр очиход тэр хүн нэг ч камер шүүгээгүй байсан. Бүр амралтаа аваад явчихсан байв. Би хошууч н.Ганчулуун гэх хүнд, “15-16 хоночихлоо хэрэг бүртгэлд ямар ч камер шүүгээгүй байна. Ийм байж болох юм уу” гэхэд, 26-ны өдөр байцаагч н.Ангар-Эрдэнэ гэх хүнд шилжүүлсэн гэсэн. Ингээд 27,29-ний өдрүүдэд нэг камер шүүсэн байгаа юм.
Дараагийн нэг дэх өдөр нь байцаагч н.Ангар-Эрдэнэ дахиад амралтаа авчихсан. Уг нь амралтаа авсан бол түүний дараагаар дараачийн байцаагч нь хүлээж аваад энэ талаар надад мэдээлэх ёстой. Тийм зүйл байхгүй. Одоо хэргийг хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй байна.
Би хөдөлмөрийн чадвараа алдсан, хүнд хүчир ажил хийж болохгүй заалттай болчхоод байна. Ийм байхад цагдаагийн байгууллагынхан эхнээсээ л огт ажлаа хийгээгүй. Хэрэг гардаг шөнө таван цагдаа ирчихээд, ядаж “Өргөө”-гийн камерыг ч шүүгээгүй байсан. Би гомдолтой байна” гэлээ.
Бид энэ хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн хошууч н.Ганчулуунтай холбогдож мэдээлэл авах гэсэн боловч ”Энэ хэргийн талаар мэдээлэх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.
Ямартай ч иргэн Ү.Ганбаяр цагдаагийн байгууллага хэрэгтэнд хариуцлага тооцох асуудалд хэт хойрго хандаж байгаа хэмээн гомдолтой байгаагаа илэрхийллээ. Амьдралын төлөө зүтгэж, өдрийн орлогоо олохоор явж байсан иргэн бусдын гарт хохирч, хөдөлмөрийн чадвараа алдсан хэргийн талаар бид эргэн сурвалжлах болно.