Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, багачууд Монголд эмчлэгдэх боломжгүй, хүнд өвчтэй болоход хүргэж байна. Энэ талаар Б.Түмэн хүүгийн ээж өнөөдөр “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр олон нийтэд хандлаа.
Тэрээр хэлэхдээ “Миний хүү Б.Түмэнгийн үе мөч 2019 оноос шалтгаангүйгээр хавдаж, өнгөрсөн он хүртэл Монголд онош нь тогтоогдоогүй. Энэ хугацаанд дааврын эм, тариаг ихээр хэрэглэснээс болж, эрүүл мэндийн байдал нь улам хүнд болсон. Одоогоор хүү минь аавынхаа хамт биеийн байдал нь маш хүнд байдалтай БНСУ-д эмчлүүлж байна.
Дээрх хугацаанд хүүгийнхээ эмчилгээний зардалд бүхий л зүйлээ зориулсаар ирсэн. Өнөөдрийн бухимдалтай байгаа гол шалтгаан нь зөвхөн энэ аппаратад орохын тулд Солонгос улс руу хүү минь явсан. Ганц миний хүү ч биш, Монголын ирээдүй болсон олон мянган хүүхдүүд хорт утаанаас шалтгаалсан энэ өвчнөөр шаналан, харийн оронд эмчлэгдэж байна.
Эрүүл саруул байсан хүү минь бүтэн гурван жилийн турш онош нь тодрохгүй байсаар ийм байдалд хүрсэн.
“МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ЯЛТНААС ДООГУУР АМЬДАРЧ БАЙНА”
Би “Гоонь эрийн хуушуур”-ын газар ажиллуулдаг байсан. Гэвч Сумъяабазар даргын тушаалаар газрыг минь хашаа хайс гаргах нэрээр нураасан. Улиралдаа би 2,5 сая төгрөгийн татвар төлдөг. Гэтэл хүүхдүүдээ сургах, эмчлүүлэх бололцоогоор хангуулж чадахгүй байна.
“ХҮҮХДЭДЭЭ ЭМ АВЧ ӨГӨХИЙН ТӨЛӨӨ Л АМЬДАРЧ БАЙНА”
Энэ өвчин юунаас шалтгаалж үүссэн бэ гэвэл агаарын бохирдлоос болж үүссэн. Эх нялхсын зүрхний тасагт мянга, мянган хүүхэд өвчинтэйгөө тэмцэлдэж байхад тэд бурханд мөргөж, найр наадам хийж, төрийн өндөрлөгүүд нь их тэнгэрийн аманд зугаацаж байна.
Энэ өвчний шинж тэмдэг нь бүх үе мөч харлан хавдаж, алхаж чадахгүй. Хүү минь мөлхөөд уйлдаг тийм хүнд зовуурьтай байсан. Системийн гаралтай энэ өвчин нь хүний цагаан эс нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч, хоёр хөл дээрээ явах чадваргүй болгодог.
Хүүгийн ах "Зүрхний холбогч эдийн тасаг нь 2019 онд шинээр байгуулагдсан. Энэ тасагт ямар хүүхдүүд байна вэ гэхээр агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас шалтгаалан энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байна. Энэ өвчнөөс болж бүхэл бүтэн шинэ тасаг нээсэн гэж бодохоор асуудал ямар байгааг илтгэнэ. Жил болгон агаарын бохирдолд хэдэн тэрбумыг үргүй зарцуулдаг. Гэвч жил бүр хүүхдүүд үүнээс болж өвдсөн хэвээр байна. Монголд энэ өвчин эмчлэгдэх боломжгүй. “Гэтэл Солонгост шинжилгээг нь явуулмагц хүрээд ир, эмчлээд өгье” гэдэг. Энэ нь Монголд эрүүл мэндийн салбар хоцрогдолтой байгааг харуулж байна.
Энэ эмийг манай дүү гурван жилийн турш Монголд хэрэглэсэн. Олдоц, хүрэлцээ ч муу. Гэтэл Солонгост очоод хартал энэ эмийг аль 2000-ад оны эхээр хэрэглэхээ больчихсон . Улаанбаатарт амьдарч байгаа хүн болгон, тэр дундаа 0-16 насны хүүхдүүд энэ өвчнөөр өвчилсөн байж магадгүй.
“НЯЛХ ХҮҮХДЭЭ БОДВОЛ УЛААНБААТАРААС ЗУГТЧИХМААР БАЙНА”
Өнөөдөр миний хүүхэд тэргэнцэр дээр суусан ч цаашид Монголын мянга, мянган хүүхдүүд ийм өвчнөөр битгий өвдөөсэй гэж хүссэндээ олны өмнө гарч, энэ асуудалд нийтийг анхаараасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.