Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зүйлд зарцуулж, “гарын салаагаараа урсгадаг” гажуудлыг олон нийт шүүмжилсээр ирсэн. Шүүмжлэлийг үл тоон төсөв зарлагадсан ээлжит нэгэн бүтэлгүйтэл бол төв талбайг тойруулж тавьсан дөрвөлжин чулуу. Тухайн үед олон нийт хүчтэй шүүмжилснээр, Сүхбаатарын талбайг тойруулан, хаалт болгон тавьсан чулууг өөр тийш шилжүүлсэн байдаг. Хамгийн шүүмжлэлтэй нь, үүнийг хийхийн тулд төсвөөс 150 сая төгрөг зарлагадсан байдаг юм. Тиймээс бид 150 саяын чулуу “хаачсаныг” сурвалжиллаа.
Төв талбайг тойруулан чулуу тавих шийдвэрийг 2019 онд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх үедээ гаргасан байдаг. Ингээд гүйцэтгэлийг "Боржин чулуу" компани хариуцжээ.
Тухайн үед НЗДТГ-аас “Иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн энэ ажлыг улстөржүүлж, харлуулахгүй байхыг олон нийтээс хүсэж байна” гэсэн мэдэгдэл хүртэл гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, үймээн самуун дэгдээж, Сүхбаатарын талбай руу техниктэй орохыг хязгаарлах, машин орох боломжгүй болгохын тулд ингэж хашилт хийсэн хэмээн тайлбарлаж байв.
150 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ЧУЛУУ ХОТЫН ХАА САЙГҮЙ “ХӨГЛӨРЧ” БАЙНА
Хэл ам дагуулж, Сүхбаатарын талбайд анх тавьсан чулуунуудыг өнөөдөр хаа сайгүй тарааж орхижээ. Тодруулбал:
- Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах авто машины зогсоол дээр
- Улсын их дэлгүүрийн урд явган хүний гарцны хоёр талд, мөн баруун талын гарцан дээр
- Мөн бөхийн өргөөний урд уулзвар дээр гинжээр холбосон хэсэг чулуу байна.
ИРГЭД: УЛСЫН ТӨСВИЙГ ШААРДЛАГАТАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗАРЦУУЛДАГ БОЛМООР БАЙНА
150 сая төгрөгөөр дөрвөлжин чулуу бэлтгэж, энд тэнд тарааж тавьсан асуудлын талаар бид иргэдийн байр суурийг сонслоо.
Иргэд:
- Ийм чулуу ямар ч хэрэггүй. Оронд нь ядаж замаа засаад, бороонд урсахааргүй болгох хэрэгтэй.
- Төсвийн үр ашиг гэдэг зүйл байхгүй болчихсон юм уу гэж хардаг. Засгийн газар ямар ч шаардлагагүй зүйлсэд төсвөө зарцуулдаг. Үүнийгээ болих хэрэгтэй.
- Дөрвөлжин чулуунууд ямар ч хэрэггүй. Тэр чулуунуудад өчнөөн их мөнгө зарцуулж байгаа. Түүний оронд ядаж нэг цэцэрлэг барихад мөнгөө нэмэрлэх хэрэгтэй.
- Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг. Зөвхөн тэр чулуу гэлтгүй ийм л байна. Ямар нэг зүйл хийж байгаа нэрийдлээр хэд дахин их төсөв батлуулаад, яг хийхдээ маш бага төсөв зарцуулж, үлдсэнийг нь өөрсдөө авдаг юм уудаа. Ийм байдлаар бидний мөнгийг үр ашиггүй зарцуулдаг. Бид үүнтэй эвлэрч болохгүй. Манай улс мөнгөө ашиглаж чаддаггүй, зарцуулж чаддаггүй, санхүүгийн сахилга бат муутай айл шиг болсон.
- Манай Засгийн газар ашиггүй зүйлд л мөнгөө зарцуулдаг. Ард иргэд ажлаа хийгээд, татвараа төлнө. Татвар төлөгчдийн мөнгийг онцгүй, хэрэггүй зүйлд л зарцуулдаг. Жишээлбэл, засвар хийсэн байсан Beatles-ийн талбайг дахиж эвдэж, барина гээд л ярьж байна. 396 ширхэг чулуу 150 сая төгрөг байхдаа яах вэ дээ. Мөнгө угаагаад байгаа юм биш үү гэсэн хардалт төрүүлж байна. Яг мөнгө угааж байгааг нь би хараагүй.
- Үнэ өсөж, саяхан төмсний үнэ 5500 төгрөг давлаа шүү дээ. Залуучууд жагслаа. Жагссанаас хойш үнэ маш их өслөө. Залуучууд дахиж дуугарах болсон юм биш үү. 76 гишүүн маань ажлаа хийх болсон болов уу гэж бодож байна.
Иргэд "улсын төсвийг буцаагаад мөнгө олох салбарт, бүтээн байгуулалтад зарцуулдаг болоосой" гэсэн юм.
Бид энэ тухай тодруулахаар НЗДТГ-тай холбогдсон боловч хариу өгөх албаны эх сурвалж байсангүй. Нийт 10 гаруй хүнтэй холбоо барихад мэдэхгүй гэсэн шалтгаанаар хариулт өгөхөөс татгалзав. Өөрөөр хэлбэл, өмнөх хотын даргын үед хийгдсэн ажил учир "тас гүрийв".
Өнөөдөр бид хэдхэн ширхэг чулууны асуудал хөндсөнгүй. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж, зуу зуун саяар нь тарамддаг байдалд цэг тавих учиртайг олон нийт сануулж байгааг дамжууллаа. Хэнд ч татвар төлөгчдийн мөнгөөр тоглох эрх байхгүй. Улсын төсвийг хайр найргүй зарцуулсан энэ мэт жишээг бид өдөр бүр эргэн сануулж, хариуцлага нэхэж цувралаар сурвалжлах болно.