Умард Солонгос улсад “Ковид-19” халдвараар өвчилсөн бүх хүн эдгэрсэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тодруулбал, сүүлийн 7 хоногт халуурсан тохиолдол бүртгэгдэгдээгүй байна. Шинжилгээний тоног төхөөрөмж дутмаг учраас тус улс халуурах шинж тэмдгээр иргэдээ оношлох нь түгээмэл байдаг юм байна.
БНАСАУ өнгөрсөн тавдугаар сард анхны Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдсэн хэмээн зарласан. Үүнээс хойш өвчилсөн иргэдийн тоо өссөөр байсан юм. Гэхдээ Умардын эрх баригчдын мэдээлэл, ялангуяа нас барсан хүмүүсийн тоо эргэлзээ төрүүлэхүйц байгааг олон улсын хэвлэлүүд дурджээ.
Тус улсын төрийн хэвлэлийн мэдээллээс харвал, 4,7 сая хүнд халуурах шинж тэмдэг илэрч, 74 хүн нас барсан. Нас баралтын түвшийн 0,002 хувьтай буюу олон улсад хамгийн бага үзүүлэлт болж байна” гэж мэдээлжээ. Гэвч үүнийг худал хэмээн олон улсын шинжээчид таамаглал дэвшүүлсээр байна.
Тус улс дэлхийн хамгийн муу эрүүл мэндийн тогтолцоотой гэгддэг төдийгүй “Ковид-19”-ийг эмчлэх эм, вакцингүйг мэргэжилтнүүд онцолдог.
Нөгөө талд, эрүүл мэндийн дэвшилтэт системтэй, хүн амын вакцинжуулалт өндөртэй Өмнөд Солонгос улсад Ковид-19-ийн нас баралтын түвшин 0.12% байгаа юм.
Сөүл дэх Ханьян их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Шин Янг-Жон Ройтерс агентлагт хэлэхдээ “Умард Солонгост цар тахлын халдвараар амиа алдагсдын тоо ийм бага байх боломжгүй, нас барагсдын тоо 50 мянгад хүрч магадгүй” гэжээ.
Эх сурвалж: BBC News