Аялал жуулчлалын үйлчилгээний эрэлт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийн шинж тэмдэг эхэлсэн тул Япон айл өрхүүд амьжиргаагаа дээшлүүлж байна.
Японы засгийн газрын мэдээлснээр, өрхийн зарлага өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувиар өссөн нь энэ оны нэгдүгээр сараас хойших анхны өсөлт болж буй. Япончууд цар тахлаас хойш анх удаа аялал, гадаадын бараа бүтээгдэхүүн худалдан авалтад илүү их зардал гаргаж эхэлсэн байна.
Ройтерс агентлагийн санал асуулгаар япончууд загас, хүнсний ногоонд бага мөнгө зарцуулж, харин тээврийн хэрэгсэлд илүү их мөнгө зарцуулдаг гэсэн тоо гарчээ. Эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас их байсан ч Японы эдийн засгийн сэргэлт АНУ зэрэг тэргүүлэх эдийн засагтай харьцуулахад удаашралтай байх болно гэж эдийн засгийн шинжээчид бичиж буй юм.
Баасан гарагийн мэдээллээс харахад хэрэглээний үнийн индекс дундаж цалингаас хурдан өссөн нь өрхүүдийн худалдан авах чадварт санаа зовоох шалтгаан болсоор байна.
Энэ долоо хоногийн эхээр хийсэн хувийн хэвшлийн судалгаагаар инфляцийн өсөлт, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нь эрэлт хэрэгцээнд сөргөөр нөлөөлж, үйлчилгээний салбарын идэвхжил 7-р сард зогсонги байдалд ороход хүргэсэн гэжээ.
Эх сурвалж: Aljazeera