Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн фермер Мик Майнерс гэгч газраас том хар зүйл цухуйж байхыг хараад үхэжсэн мод гэж боджээ. Гэвч ойртон хараад энэ нь байгалийн зүйл биш харин ямар нэгэн техникийн хэсэг гэдгийг ойлгон шинжээчдийг дуудсан байна. Нарийвчилсан үзлэг хийсэн шинжээчдийн дүгнэлтээр түүнийг сансраас унасан биет гэдгийг тогтоосон байна.
Австралийн сансрын агентлаг (ASA) уг биетийг судлаад SpaceX-ийн капсулын нэг хэсэг хэмээн мэдэгджээ.
Мэргэжилтнүүд энэхүү нээлтийг "ховор" бөгөөд "сэтгэл хөдөлгөм" гэж тодорхойлсон төдийгүй ийм үйл явдал удалгүй түгээмэл зүйл болж магадгүй гэжээ. Учир нь сүүлийн жилүүдэд сансарт илгээсэн пуужингийн тоо асар их нэмэгдсэн юм.
Энэ объект долоодугаар сарын 9-нд дэлхий дээр унаж ирсэн бол хэд хоногийн дараа өөр хоёр хэсэг олдсон байна. ASA ийм төрлийн зүйлтэй тааралдсан хүн бүрийг SpaceX-ийн хог хаягдлын утсанд хандахыг хүсчээ.
Их Британийн Уорвикийн их сургуулийн астрофизикийн профессор Дон Поллакко сансрын хог хаягдал газар унах нь маш ховор байдаг гээд “Сансраас дэлхий рүү элдэв янзын биетүүд өдөр бүр унадаг ч дийлэнх нь дэлхийн ихэнх хэсгийг эзэлдэг далайд унадаг” гэжээ.
Нар илүү идэвхтэй мөчлөгтөө шилжиж байгаагийн нөлөөгөөр дэлхий дээр илүү их хог хаягдал унах болно гэж профессор Поллакко нэмж хэлжээ.
Долдугаар сард хэвлэгдсэн Канадын Бритиш Колумбын их сургуулийн судалгаагаар ойрын арван жилд нэг буюу хэд хэдэн хүн сансрын хог хаягдлаас болж амь насаа алдах магадлал 10 хувьтай байгааг тогтоосон байна.
Эх сурвалж: BBC News