Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.
Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал ирүүлжээ.
Захидалд:
Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн санаачилгуудыг сайшаан хүлээн авч байгаагаа онцолж, айлчлалын үеэр тэдгээр санал, санаачилгын талаар үргэлжлүүлэн ярилцана гэжээ.
Мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд манлайлал үзүүлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан явдал, эдгээр орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг онцлохоо цохон тэмдэглэжээ.
Айлчлалын үеэр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон “Бидний нийтлэг зорилго”-ыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон санал солилцоно гэдгийг мөн тэмдэглэжээ.
Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дээр дурдсан агуулгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ЕТГ