Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй зөрчил үүссэнийг шийдвэрлэх үүднээс Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонслоо.
Тус хорооны иргэдийн хувьд газар эзэмшигчийн гэрчилгээгээ сунгуулахаас эхлээд орчин тойронд нь амралтын газар, аялал жуулчлалын баазууд олноор байгуулагдсанаар дуу чимээ, орчны бохирдол эрс нэмэгдсэнээс гадна иргэд, оршин суугчдын хашааны гарц, орцыг хааж хашаалах, түргэн тусламж, гал команд зэрэг төрийн наад захын тусламж үйлчилгээ авахад ч хүндрэлтэй болсныг оршин суугчид хэлж байсан юм.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тус хорооны иргэд болон аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын газрын маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэхээр холбогдох мэргэжилтнүүдийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байлцуулан, иргэдийн бичиг баримт, газрын кадастрын зургийг газар дээр нь тулган шийдэж, шаардлагатай асуудлыг дараа дараагийн шатанд шилжүүлнэ гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Байгалийн тусгай хамгаалалттай газарт аж төрдөг иргэдийн тулгамдсан асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Засгийн газраас анхаарч буйг дуулгаад, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны холбогдох мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, иргэдийн эрүүл аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр нэн тэргүүнд анхаарлаа хандуулахыг даалгав.
Мөн оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хороо, дүүргийн удирдлагууд болон бусад албаныханд үүрэг болголоо.