АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринерийн шүүх хурал энэ долоо хоногт дуусах гэж байгаатай холбогдуулан Оросын засгийн газар Гринерийг суллахыг хүссэн АНУ-ын олон нийтийн уриалгыг шүүмжилж эхэллээ.
Олимпийн хошой алтан медальт бүсгүй өнгөрсөн хоёрдугаар сард Москвагийн нисэх онгоцны буудалд каннабисын тос агуулсан тамхины сав хилээр авч гарахыг оролдсоны улмаас ийнхүү саатуулагдсан юм. Гринер гэм буруугаа хүлээсэн боловч хийсэн үйлдэл нь санаатайгаар үйлдэгдсэн зүйл биш гэж мэдэгдсэн. Шүүх хурлын үеэр прокурорууд хар тамхины шинжээчийг дуудаж, Гринерийн ачаанаас олдсон каннабисыг шинжилсэн юм. Харин түүний өмгөөллийн баг шинжилгээг алдаатай, албан ёсны дүрэм журамд нийцээгүй гэж үзэн шинжээчийг эсэргүүцсэн байна.
Москвагийн хойд захад орших Химки хотод болсон шүүх хурлын үеэр Гринер ОХУ-ын хуулийг зөрчихийг хүсээгүй, тийм бодолгүй байгаагаа хэлээд өршөөл үзүүлэхийг гуйсан байна. Хэрэв түүнийг шүүхээс гэм буруутайд тооцвол 10 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. Шүүх хурал пүрэв гараг хүртэл хойшилж, эцсийн мэдэгдлийг тухайн өдөр хийхээр болжээ.
АНУ -ын зүгээс Бритни Гринерийг суллах боломжтой гэгдэж буй “хоригдол солилцох” ажлыг дэмжиж, ОХУ-д санал хүргүүлэхээр болсон. Гэхдээ хоригдол солилцох ажиллагаа шүүх хурал дууссаны дараа л хийх эсэх нь шийдэгдэнэ гэж Оросын албаны хүмүүс мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera