Оросууд түрэмгийлснээс хойш Украинаас хөдөлсөн, үр тариа ачсан анхны хөлөг онгоц Туркийн Босфорын хоолойд ирлээ.
Нийт 26 000 тонн эрдэнэ шиш тээвэрлэж буй Разони хөлөг Ливан руу аяллаа үргэлжлүүлэхийн өмнө лхагва гарагийн өглөө шалгалтаар орох аж. Орос улс өнгөрсөн хоёрдугаар сард Украиныг эзлэн орсноос хойш тус улсын боомтуудыг хааж, дэлхийн хүнсний хомсдолыг эрчимжүүлсэн билээ.
Өнгөрсөн сард Турк болон НҮБ-ын зуучлалын гэрээний дагуу хоёр тал тээвэрлэлтийг үргэлжлүүлж болно гэж тохиролцсон. Тэрхүү хэлэлцээрийн дагуу үр тариа ачсан хөлөг онгоцуудыг Тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд усан замаар чиглүүлнэ гэж Украины талаас мэдэгдэв.
Украинаас импортлох үр тариа, улаан буудай нь дэлхийн бусад хэсгийн хүнсний хомсдолыг бууруулахаас гадна экспорт нь Украины тариаланчдыг ирэх улиралд үр тариалахад түлхэц болох юм. “Разони” хөлөг даваа гарагт Украины Одесса боомтоос гарч, Туркийн усаар дамжин Ливаны Триполи хотыг зорьжээ.
Орос, Украин хоёр дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн бараг гуравны нэгийг бүрдүүлж байна. Тийм ч учраас Хар тэнгисийн боомтуудыг хаасан нь дэлхийн хүнсний хямралд нөлөөлж, талх, гоймон зэрэг улаан буудайн бүтээгдэхүүнүүд илүү үнэтэй болж, тос, бордооны үнэ нэмэгджээ.
НҮБ-ын мэдээлснээр 2019 онд Украинд дэлхийн эрдэнэ шишийн нийлүүлэлтийн 16 хувь, наранцэцгийн тосны 42 хувийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: BBC News