Бээжин Тайванийн хоёр сангийн эсрэг сахилгын арга хэмжээ авч, эх газрын компани, хувь хүмүүстэй санхүүгийн хамтын ажиллагаа явуулахыг хориглоно гэж Хятадын Тайваний хэрэг эрхлэх газраас мэдэгдэв. Тус газрын хэвлэлийн төлөөлөгч Ма Шиаогуан хэлэхдээ, зорилтот хоёр сан нь Тайваний ардчиллын сан, Тайваний олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн сан гэдгийг дурджээ.
Үүгээр ч зогсохгүй Хятадын гаалийн байгууллага наймдугаар сарын 3-наас эхлэн Тайванаас цитрус жимс, хөлдөөсөн могой загас, хар амар загасны импортыг зогсоож байгаагаа мэдэгдэв.
Хятадын Худалдааны яам тус арал руу байгалийн элсний экспортыг зогсоож байгаагаа ч дурдлаа.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагийн шөнө Тайваньд газардсан нь Хятад улс энэхүү айлчлалын эсрэг хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн ч АНУ Тайванийг дэмжиж байгаагийн илэрхийлэл болж байна.
Пелоси Тайбэйд саатсан нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа Тайваньд айлчилж буй тохиолдол юм. Байдены засаг захиргаа Тайваньд зогсохгүй байхыг Пелосид анхааруулсан гэх мэдээлэл бий. Пелосигийн айлчлал АНУ-Хятадын харилцааг доод цэгт хүргэж болзошгүй юм.
Пелоси болон түүнийг дагалдан явсан Конгрессын төлөөлөгчид газардсаны дараа хийсэн мэдэгдэлдээ, энэ айлчлал нь "Тайванийн эрч хүчтэй ардчиллыг дэмжих Америкийн гуйвшгүй амлалт, хүндэтгэл" гэжээ.
Бээжинг илэн далангүй шүүмжлэгч Пелоси өмнө нь АНУ Тайванийг дэмжих нь чухал гэж хэлж байсан удаатай.