Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замд тавьж буй явган хүний нүхэн гарц барих ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр ажлын явцтай очин танилцаж бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, зорчих хөдөлгөөнийг аль болох хурдан нээх хэрэгтэйг зөвлөжээ.
Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа. Үүнээс үүдэн Яармаг, Нисэхийн авто замын ачаалал нэмэгдэж, иргэд бухимдахад хүрээд буй юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Энэ ажлыг маш хурдан хийж, гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Туслах зам гаргаж болно. Гэвч Наадамчдын замын ачаалал их учраас туслах замыг орон сууцны хороолол дундуур гаргах шаардлагатай болоод байгаа. Энэ нь оршин суугчдын аюулгүй байдал зөрчигдөхөөр байна. Тийм учраас маш богино хугацаанд дуусгахаар гүйцэтгэгч "Туулын гүүр далай" ХХК 24 цагийн ажиллаж байна" гэв.
Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар хамгийн их осол аваар гардаг газруудын нэг нь энэхүү нүхэн гарц байгуулж буй хэсэг. Тус бүсэд сүүлийн таван жилд авто замын осол аваар олонтоо гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ.
Яармагийн зам ашиглалтад орсон 2015 оноос хойш авто тээврийн ослын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Осол аваар гурван байршилд давтагдаж буйн нэг нь нүхэн гарц байгуулж буй орчин юм.
Түүнчлэн Яармаг орчимд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд нэмэгдсээр байгаа. Суурьшлаа даган сургууль цэцэрлэгийн тоо ч нэмэгдсэн байна. Нүхэн гарц байгуулж буй орчимд л гэхэд тус бүрдээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль бий. Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хорооны оршин суугчдын тоо 38 мянга гаруйд хүрч, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлага хүсэлтийг удаа дараа өгсөн байна.