СУРТАЛЧИЛГАА
XMF-Хуур хөгжмийн наадам наймдугаар сарын 19-ний Баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн хөгжмийн наадамд АНУ-ын алдарт дуучин, реппер Lil Pump хүрэлцэн ирэх юм.
Тус хөгжмийн наадмын талаар “Circlepark” группийн гүйцэтгэх захирал, XMF хөгжмийн наадмын Ерөнхий найруулагч, продюсер Ж.Энхжаргалантай ярилцлаа.
-Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй XMF хөгжмийн наадамд энэ удаа дэлхийн од, реппер Lil Pump уригдаж байгаа нь анхаарал татаж байна. Энэ жилийн ойн тоглолтын бусад онцлогийн талаар ярихгүй юу?
-Тийм ээ. Энэ жилийн наадмын гол онцлог нь дэлхийн од, реппер Lil Pump оролцож байгаа явдал. Бид XMF хөгжмийн наадмыг 2017 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн наадмыг бий болгох нь бидний зорилго. Тиймээс ч зорилгодоо хүрэхийн тулд өнгөрсөн таван жилийн хугацаанд гадны орнуудаас өндөр зэрэглэлийн DJ нарыг урьж оролцуулсан. Тухайлбал, дэлхийн топ 100 DJ нарын эгнээнд багтдаг Tungevaan&Raaban зэрэг уран бүтээлчдийг энд дурдах нь зүйтэй.
-Реппер Lil Pump-ийг "Gucci Gang" дуугаар үзэгчид сайн мэддэг. Түүний уран бүтээлийн талаар товч танилцуулбал?
-Түүний карьерын оргил үе нь 2017 он байсан бөгөөд Gucci Gang дуу нь youtube суваг дээр 1.1 тэрбум хандалттай. Энэ дуу нь тухайн онд АНУ-ын Billboard-ын топ гуравт орсон байдаг. Мөн дуучин Kanye West-тэй “I love it” дуун дээр хамтарч ажилласан бөгөөд олон уран бүтээлээрээ дэлхийд танигдсан, яг одоо дэлхийг байлдан дагуулж буй од XMF хөгжмийн фестивальд ирэх гэж байна.
-Монголын тайзан дээр дэлхийн уран бүтээлийг үзэх боломж нээгдэж буй хэмээн харж байна. Түүнчлэн хөгжмийн наадамд дотоодын 40 гаруй хамтлаг дуучид оролцоно гэсэн үү?
-Хөгжмийн наадамд зориулан гурван тайз засаж, наадмыг зохион байгуулна. Тухайлбал,
- Reborn stage буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид
- Live stage буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд
- Electronic stage буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн нийт 40 орчим уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.
Тоглолт наймдугаар сарын 19-ний Баасан гарагт өглөө 10:00 цагаас эхлэн бүтэн 12 цагийн хөтөлбөртэй хийхээр төлөвлөж байна. Дэлхийн хэмжээний уран бүтээлчийн тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж ховор байдаг шүү дээ. Гэхдээ бид эх орондоо дэлхийн одыг авчрах гарцыг нээж байна. Энэ бол Монголын соёл урлагт хийж буй бидний хөрөнгө оруулалт.
-Реппер Lil Pump Азийн аялан тоглолтоо Монголоос эхэлж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Ази тивийн аялан тоглолтоо манай улсаас эхлүүлж, наймдугаар сарын 18-ны орой Монголд ирнэ. Маргааш нь XMF-ийн тайзан дээр 48 минутын турш уран бүтээлээ наадмын оргил цагаар толилуулах юм. Дэлхийн од манай улсад аялан тоглолтоор ирж байна гэдэг бол бусад улс орны иргэдийг татах боломж гэсэн үг. Реппер Lil Pump ирэх сургаар хөрш улс орнуудаас цөөн тооны жуулчид манай улсыг зорин ирж байна. Энэ бол сайн мэдээ. Хөгжмийн аялал жуулчлалын суурь хэмээн харж байгаа.
Бид хөгжмийн аялал жуулчлалыг эх орондоо хөгжүүлэхийг зорьж байна.
-Бид соёл урлагаа дэлхийд таниулахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Магадгүй реппер Lil Pump ирж байж дараа дараагийн шатанд дэлхийд үнэлэгдсэн алдартнууд манай улсыг зорих нөхцөл бүрдэнэ. Дэлхийн энтертайментийн зах зээл ийм зарчмаар явдаг. Жишээлбэл, Backstreet boys хамтлаг, Eminem, Dr. Dre, Justin Bieber, Dua Lipa зэрэг алдартнуудын тоглолтыг эх орондоо үзмээр л байгаа бол эхлээд энэ зэрэглэлийн уран бүтээлчид манайд ирэх ёстой. Ийм түүх бичигдсэний дараа дэлхийн зах зээл дээр Монгол Улсын соёл урлаг гарна.
Олон улсын энтертайментийн хамгийн том зах зээлтэй нь Америкийн Нэгдсэн Улс. Дараагийн зах зээл Европ тивд эргэлддэг. Хамгийн сүүлд Ази тив рүү орж ирнэ. Үүнтэй харьцуулахад манай улс бол хөдөө. Үнэнийг хэлэхэд, дэлхийн чансаатай уран бүтээлчид манай улс руу ирнэ гэдэг бол маш урт аялал. Гэхдээ дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлчийн тоглолтыг эх орондоо авчрахын төлөө баг хамт олон маань жил гаруй хугацаанд хөөцөлдөж, маш их ажиллалаа.
-Өмнө нь манайд дэлхийн хэмжээний уран бүтээлч ирж, тоглолтоо толилуулж байсан уу. Ховор байх?
-Танай улсад өмнө нь дэлхийн хэмжээний ямар од ирэв… Найман жилийн өмнө Blue хамтлаг ирсэн гэдэг биш. Жил болгон алдартны нэр буудаг байх ёстой. Ингэснээр бид дэлхийд тоогдоно. Ингэж байж үзэгчдийн хүсээд байгаа урлаг соёлын одод ирнэ. Түүнээс биш Eminem шууд манайд буухгүй шүү дээ. Бүр боломжгүй. Гол нь бид туулах ёстой зүйлээ туулах л ёстой.
Нэмж хэлэхэд, сошиал орчинд тухайн уран бүтээлчийг доромжлох үзэгдэл байна. Үзэх үзэхгүй нь үзэгчдийн эрхийн асуудал. Гэхдээ дэлхийд тоогдсон одыг бид доромжилж болохгүй. Мэдээж үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүхэнд бий. Санал бодлоо хэлж болно, харин доромжилж болохгүй. Ийм хандлага даамжирвал Монгол Улсад дэлхийн алдартнууд ирэх боломжгүй л болно. Цаашилбал, Монголын энтертаймент салбарын хөгжилд хохиролтой.
-Реппер Lil Pump-ийн тоглолтыг дэргэдээс үзэх сонирхолтой өсвөр насныхан ч байгаа болов уу. Хөгжмийн наадам насны хязгаартай юу?
-Өсвөр насныхан маань тоглолт үзэх хүсэлт маш ихээр ирүүлсэн учраас насны хязгааргүй болгосон. Гэхдээ 16-аас доош насны хүүхдүүд маань заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй хамт ирэх ёстой. Харин 16 ба түүнээс дээш настай үзэгчид маань заавал иргэний үнэмлэхээ авчрах хэрэгтэй.
XMF хөгжмийн наадмын Ерөнхий зохион байгуулагчаар "Circlepark" групп ажиллаж байгаа. Түүнчлэн Соёлын Яам болон Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтарч байна. Мөн зургаа дахь жилдээ BRB агентлагтай хамтран зохион байгуулж байгаа. Санхүүгийн хамтрагчаар Storepay оролцож байгаа бөгөөд XMF хөгжмийн наадмын тасалбарыг хүүгүй, шимтгэлгүй дөрөв хуваагаад төлөх боломжтой.
Энэ жил урьдчилсан тасалбарыг "Early monkey" гэж нэрлэсэн. Наадмын урьдчилсан тасалбарыг наймдугаар сарын 7-ныг дуустал 69,000 төгрөгийн үнэтэй худалдаална. Цахим тасалбарыг Boxoffice.mn, Shoppy.mn сайтаар борлуулж байгаа. Наймдугаар сарын 8-19-нийг дуустал тасалбар 89,000 төгрөгийн үнэтэйгээр дээрх сайтуудад цахимаар худалдаалж байгаа.
Биет тасалбарыг долдугаар сарын 29-өөс эхлэн худалдаанд гаргасан. Тасалбарыг Goodprice сүлжээ дэлгүүрийн дөрвөн салбар болох “Шангри-Ла, Жаргалан хотхон, Хүүхдийн 100, Зайсан Скуэр” зэрэг цэгээр борлуулж байна. Нийт үзэгчдэдээ анхааруулж хэлэхэд хувь хүний гар дээрээс тасалбар авч хохирох эрсдэлтэй учраас албан ёсны цэгээс очиж авахыг зөвлөе.