Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байгуулсан ногоон байгууламжаас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
Нийслэлчүүд бидэнд зуны орой хүүхдүүдээ тоглуулж, тэжээвэр амьтдаа салхилуулж, өөрсдөө амарч суух, тав тухтай ногоон байгууламж дутагдалтай байсаар байна.
Хаашаа л харна өндөр өндөр барилга, хүүхэд тоглох тоглоомын талбай ч үгүй, тоос, шороотой, явган алхах ч зам ховор. Ийм л нийслэлд амьдарч, аж төрж байна хэмээн иргэд шүүмжлэлтэй ханддаг.
Дэлхийн томоохон хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хүн амынхаа нягтаршил, орчны бохирдлоос шалтгаалж 16 ам.метрээс багагүй байх ёстой гэж үздэг.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам.метр байна. Энэ тоо нь олон улсын жишгээс гурав дахин бага үзүүлэлт. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаагийн илрэл юм.
Улаанбаатар хотод нэгэн ногоон байгууламж байгуулагдсан нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлаж байна. Ажил тарж, нар буух үеэр энд иргэд олноор цугларч, хөзөрдөж, дуулж, хөгжилтэй тоглоом тоглож, зураг зурж, хүүхдүүдээ тоглуулж, нохойгоо салхилуулж, хоол идэж чөлөөт цагаа өнгөрүүлж байна.
Зүлэг нь маш зөөлөн бөгөөд өндөр ургасан, чийглэг уур амьсгалтай, хоггүй, тав тухтай энэ газар хүүхдүүдэд маш их таалагдаж байгаа гэнэ.
Нэг тийш харахад хүүхдүүддээ амттан өгч, салхилуулан суугаа ээж. Нөгөө тийш харахад арван гурав тоглож байгаа арван жилийн дөрвөн хүү. Дахиад нэг тийш харахад зураг зурж суугаа эмо залуу. Өөр нэг талд ном уншаад хэвтэж байгаа залуу гээд л энд маш олон хүн байна.
Бид энд амарч буй зарим иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.
Иргэд:
- Ийм ногоон байгууламжтай болсон нь маш их таалагдаж байна. Дахиад олон олон газар ийм ногоон байгууламжтай болоосой.
- Энд суух их гоё байна. Найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөгөөд, хөзөр тоглож, хөөцөлдөж тоглоод л. Найзуудаа та нар ч бас ирээрэй. Энд ирвэл олон шинэ найзтай болж болно.
- Их гоё зүйл хийсэн байна. Нэг шүүмж хэлэхэд, хүүхэд тоглох зориулалтын газар биш учраас машин замд их ойрхон байна. Хашаа байхгүй байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүүхдийн парк гээд ийм ногоон байгууламж хийх боломжтой маш олон газар байгаа. Тэдгээр газруудад бас ийм очоод суух боломжтой байдлаар зүлэгжүүлээсэй гэж хүсэж байна.
- Тоос, шороо, хоггүй ийм цэвэрхэн газартай болсонд баяртай байна. Өмнө нь чөлөөт цагаараа найзуудаараа саравчинд суудаг байсан. Тэнд их тоос, хогтой. Энд агаар нь гоё, бас чийглэг. Маш гоё байна.
- Гадаад кинонд хүмүүс нь ногоон зүлгэн дээр хэвтэж амраад л, ном уншиж, буу халж сууж харагддаг. Монголд анх удаагаа ингэж сууж үзэж байна. Үнэхээр гоё байна. Байнга ирж сууна аа хэмээн иргэд энд ирсэн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэхүү ногоон байгууламжийг GFC LLC Нийслэлийн ажлын алба хамтран байгуулсан байна.
GFC LLC-ийн гүйцэтгэх захирал Г.Алтанхуяг “Анх талбайд хиймэл зүлэг тавихад хүмүүс маш ихээр очиж байсан. Түүнийг хараад иргэдэд ийм байгууламж маш их хэрэгтэй байгааг ойлгосон.
Энэ зүлгийг Швед улсын технологиор хийдэг. Зүлэг нь амьд, олон наст, хуйлдаг гэдгээрээ онцлог. Мөн энд зүлгээс гадна хүүхэд тоглох элс, модны сүүдэрт суух боломжтой мод тойрсон сандал, зам дагуу мод зэрэг бүтээн байгуулалтууд хийж, өмнөх стандарт бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг засаж, хүүхэд болон тэргэнцэртэй иргэд зорчиход саадгүй болгосон.
Энд ирж байгаа иргэд маш таатай сэтгэгдлүүд үлдээж байгаа. Та бүхэн хог хаяхгүй, эд зүйлсийг өөрийн мэт хайрлан хамгаалж, дараа ирэх хүмүүстээ сайхан сэтгэгдэл үлдээгээрэй.
Бид цаашдаа ч олон газар зүлэгжүүлж, тохижуулсаар байх болно” гэв.