Люксембургийн Их Гүнт Улс болон НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс хоорондын эх, хүүхдийн эрүүл мэндийн төслийн протоколд гарын үсэг зурах ёслол энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар дахь НҮБ-ын ордонд боллоо.
Хоёр талын Ерөнхий түншлэлийн тогтолцоонд үндэслэсэн төслийн үүргийн маягтад гарын үсэг зурснаар Люксембург улс 2022 оноос 2027 он хүртэл хэрэгжих “Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг арилгах ажлыг эрчимжүүлэх нь” төсөлд таван жилийн хугацаанд 5 сая евро хандивлаж байна.
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар 2007 оноос хойш 12 жилийн турш Монгол Улсад “Эх, нярайн эрүүл мэндийн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх” төслийг дэмжин ажилласан. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн байна.
Өмнөх 12 жилийн туршлага дээр тулгуурлан энэхүү шинэ төсөл нь технологийн дэвшлийг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсоох, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хэрэгжих болно.
Гарын үсэг зурах үеэр Хятад дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан захирал Др. Жастин Коулсон “Төслийн энэхүү шинэ үе шат нь өмнөх ололт амжилтаа түшиглэн, урьдчилан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдлийн бууруулах чиглэлээр мэдээлэлд суурилсан бодлого, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг хэрэгцээтэй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг баталгаажуулах зорилгоор орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах болно" гэлээ.
Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн хамтын ажиллагааны Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн сайд, Эдийн засгийн сайд ноён Франц Файот “Та бүхнийг хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг уриалмаар байна. Төслийн энэхүү шинэ үе шат нь бид хэрхэн илүү хамтын ажиллагааг бий болгох вэ гэдэг дээр ач холбогдол өгч байгаа” гэж Люксембургийн санхүүжилттэй хоёр болон олон талт түншүүдийн хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дурдав.
Сайд Файот мөн жендэрийн тэгш байдал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Люксембургийн Их Гүнт улс онцгой анхаарал хандуулж байгааг онцлон тэмдэглэв.
Гарын үсэг зурсны дараа Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др. Халид Шарифи НҮБ-ын Хүн амын санг уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан