Энэтхэгийн Керала мужийн иргэн Мохаммед Бава жил хожих гэж оролдсон сугалаанд 10 сая рупи (125,000 доллар) хожжээ.
Энэ гайхамшигт явдал Бавагийн амьдралд тохиолдсон хамгийн азтай явдал болсон аж. Учир нь тэрээр олон жилийн турш хуримтлагдсан их хэмжээний өрөнд баригдсан байжээ. Тэрээр зээлдүүлэгчиддээ мөнгөө төлөх гэж хичээж байсан бөгөөд энэ нь түүнд болон түүний гэр бүлд санхүүгийн болон сэтгэл санааны дарамт учруулж маш хүнд нөхцөлд амьдарч байсан гэнэ.
Бава эцсийн арга хэмжээ болгон өр төлбөрөө төлөхийн тулд байшингаа зарахаар шийджээ. Азтан болсон тухай утасны дуудлага ирэхээс хэдхэн цагийн өмнө Бава байшингаа худалдахаар худалдан авагчтай бараг тохиролцсон байв. Долдугаар сарын 25-ны өдөр тэрээр 17.30 цагт байшинг нь худалдан авах боломжтой хүнтэй уулзаж, байшингаа зарснаа баталгаажуулж, урьдчилгаа төлбөрийг хүлээн авах ёстой байв. Гэхдээ хувь тавилан өөр төлөвлөгөөтэй байсан бололтой.
Бавагийн найз Ганеш 15.20 цагт WhatsApp мессеж хүлээн аваад удалгүй утсанд нь дуудлага иржээ. Татвар төлсний дараа Бавад 6.3 сая рупи үлдэж байгаа аж. Сугалааны хожлоо яг хэзээ авах нь тодорхойгүй байгаа хэдий ч зээлдүүлэгчид хаалгыг нь тогшихоо больсон тул тэрээр санаа зовохоо больсон гэдгээ BBC-ийн сэтгүүлчид ярьжээ.
"Намайг сугалаанд хожсоны дараа өртэй хүмүүс нам гүм болсон. Чамд мөнгө байхгүй байхад хүмүүс мөнгө нэхэх гэж хашхирдаг. Гэвч тэд намайг буцааж төлөх мөнгөтэй болсныг мэдээд бүх зүйл намжсан" гэж тэр хэлжээ.
Бава нэгэн цагт өр ширгүй, дундаж давхаргын нэгэн байсан. Харин барилгын салбарт гүйцэтгэгчээр ажиллаж байсан ч сүүлийн хэдэн жил ажил нь бүтэлгүйтэж, 2020 оны эхээр Ковид-19 тахал Энэтхэг болон дэлхий даяар тархсаны дараа байдал улам дорджээ. Тэрээр ажил олох гэж хичээсэн ч чадахгүй, өр нь нэмэгдсээр байв. Бавагийн таван хүүхдийн хоёр нь саяхан гэрлэсэн. Тэрээр хуримын зардлыг төлснөөр санхүүгийн асуудлаа улам дордуулжээ.
Мөн хүүгээ Катарт сайн ажилтай болно гэж найдаж, явах зардлыг нь төлсөн. Үүний тулд их мөнгө нэмж зээлсэн байна. Өсөн нэмэгдэж буй өр нь гэр бүлийн байнгын түгшүүрийн эх үүсвэр болж, орлогын өөр эх үүсвэр, зээлээ төлөх арга олдохгүй байсны эцэст байшингаа зарах шийдвэр гаргажээ. Байшингаа зах зээлд гаргахаасаа өмнө түрээслэх байр олж чадсан гэнэ.
Бүтэн жилийн турш сугалаанд азаа сорьсон ч төдийлөн амжилт олоогүй ч саяд нэг тохиох хонжворт ялахын тулд түүнд гайхамшиг хэрэгтэй байсан талаар ч тэр сэтгүүлчид ярьжээ. Аз дагуулсан тасалбарыг сугалааны тасалбар зардаг жижиг дэлгүүр ажиллуулдаг найз Ганешээсээ худалдаж авдаг байв. Энэ байдал бүтэн жил үргэлжлэв. Шагналын мөнгө их юм шиг санагдаж болох ч Бава бүх өрөө төлсний дараа тийм ч их мөнгө үлдэхгүй. Гэхдээ тэр үлдсэн мөнгөө ухаалгаар ашиглахыг хүсч байгаа аж. Тэрээр найз Ганешдээ байшин худалдаж авахад нь туслахыг хүсч байгаа гэнэ. "Ганеш өөрийн гэсэн гэргүй тул хүндхэн амьдардаг” гэжээ. Үүгээр ч зогсохгүй Бава ядууст багахан хэмжээний мөнгө хандивлана гэж төлөвлөж буй аж.
Эх сурвалж: BBC News