Бейрут дахь Украины ЭСЯ-ны мэдээлснээр хулгайлагдсан улаан буудай ачсан ачааны хөлөг пүрэв гарагт Триполи боомтод зогссон байна.
Сирийн ачааны хөлөг онгоц Ливанд буусан тухай Украины Ойрхи Дорнод дахь дипломат төлөөлөгчийн газар мэдэгдлээ.
Бейрут дахь Украины ЭСЯ-ны мэдээлснээр, ачааны "Лаодикеа" хөлөг пүрэв гарагт Ливаны хоёр дахь том хот болох Триполи боомтод буусан байна. Элчин сайдын яамнаас Ройтерс агентлагт мэдээлснээр хөлөг онгоцонд таван мянган тонн улаан буудай, таван мянган тонн гурил тээвэрлэж явсан аж.
АНУ-ын Сангийн яам 2015 онд Лаодикеаг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын засгийн газартай холбоотой гэж үзэн хориг тавьсан. Хоёрдугаар сарын сүүлчээр Москва тус улс руу довтолсны дараа Украины тал ОХУ-ыг нутаг дэвсгэрээс нь үр тариа, ган дээрэмдсэн гэж буруутгасан. ОХУ-ын хэлснээр энэ нь "Цэргийн тусгай ажиллагаа" аж.
Бейрут дахь Элчин сайдын яамнаас улаан буудайг Украинаас хэрхэн хулгайлсан талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Усан онгоцны хөдөлгөөн болон далай дээрх хөлөг онгоцны байршлыг хянадаг Marine Traffic компани пүрэв гарагт Триполид Лаодикеа хөлөг зогссоныг мөн баталжээ.
Эх сурвалж: Aljazeera