Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль “Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдүүдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулна. Олон улсын судалгаанаас тухайн насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг вакцин хийснээр хүүхдийг шинж тэмдэг бүхий халдвар, хүндрэл, эндэгдлээс 90-95 хувь хамгаалж байна гэсэн үр дүн гарсан.
Хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр удаа "Комирнэти" (BNT162b2) вакцинаар дархлаажуулж, халдвараас сэргийлнэ. Хүүхдэд зориулсан найрлага агууламжтай. Эцэг, эхчүүд таниулах зөвшөөрлийн хуудастай танилцаж, сайн дурын үндсэн дээр хүүхдэдээ вакцин хийлгэнэ.
Вакцины нэгдүгээр тунгийн хувьд сум, өрхийн эрүүл мэндийн нэгж дээрх дархлаажуулалтын цэгүүдээр дамжуулж хийнэ. Харин хоёрдугаар тунг сургууль, цэцэрлэг дээр түр цэг нээж, зохион байгуулна. Тухайн вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэсэн зүйл байхгүй гэдгийг анхааруулъя" гэв.
Мөн үүхдийн вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "АНУ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн 8.5 сая хүүхдээ вакцинжуулалтад хамруулаад байна.
Насанд хүрэгчдэд хийж байгаа Pfizer вакцины урвал хүндрэлээс хүүхдийн вакцинжуулалтын дараах урвал хүндрэл ихгүй байгаа. Хэсэг газрын урвал хүндрэл буюу улайх, хавдах, тариулсан газарт хөндүүрлэх, ядрах зэрэг урвал нь хүүхдэд ихгүй илэрч байна" гэлээ.