Өнгөрсөн 12 дугаар сарын 24-нд “Гоёл клиник” эмнэлэгт давхраа оёулсан иргэн Н манай сайтад хандлаа. Учир нь хагалгаа хийлгээд долоон сар өнгөрч байгаа хэдий ч түүний нүдний оёдол эдгээгүй, байнга өвдөхийн дээр гоо зүйн хувьд ч асуудалтай байгааг хэллээ.
Тэрбээр, “Хагалгаанд орсон учир гэвэл миний баруун нүдний сормуус дотогшоо ургалттай байсан. Ингээд эмчийн заавраар хагалгаанд орсон юм. Анх эмнэлгийн мэдээллийг телевизээс аваад хамгийн сайн гэгдэх ерөнхий зөвлөх эмчээр нь хийлгэсэн. Тухайн үед миний нүдэнд сэтэлгээтэй давхраа хийлгэвэл өөрийн мэт гоё болно гэсэн. Тэр үед надад ямар ч эрсдэл хэлээгүй, гоё сайхан болно л гэж байлаа. Надаас хагалгааны зардал дээр 150 мянган төгрөг нэмж авсан. Миний хувьд эмчид өөрийнхөө нүдийг 100 хувь даатгасан гэсэн үг. Хагалгааны дараа цус маш их алдсан. Түүнээс хойш өвчин намдаах эмгүйгээр өнөөдрийг хүртэл нүдний өвдөлт намдахгүй байгаа.
Би дөрвөн удаа сорвины тариа хийлгэсэн. Тэр бүрт улам л хавдаж өвчин нь ихэссэн. Өөр эмч нарт хандахад, “Харин ч нүдээрээ гайгүй тоглуулсан байна” гэдэг. Харин зарим нь “Маш буруу хагалгаа хийсэн байна” гэх зэргээр ярьж байна. Долоон сарын турш өвдөлт мэдэрлээ, сорви нь арилахгүй байна. Хараанд нөлөөлөөд байна уу гэж боддог. Энэ зовууриас шалтгаалаад би ажил, амьдрал, сэтгэл санаа гээд их зүйлээрээ хохирч байна.
Би мэргэжлийн эмчээр хагалгаа хийлгэсэн үгүйгээ мэдэхгүй байсан учраас НМХГ-т хандсан. Хэд хэдэн удаа очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл тухайн эмнэлгийг 2.5 сая төгрөгөөр торгоод, “Одоо манайд хамаагүй. Арга хэмжээгээ авсан. Цагдаад ханд” гэдэг хариу өгч байгаа юм. Энэ бүхэнд гомдолтой байна.
Үүний үр дүнд эмнэлгийн зүгээс, “Бид торгуулчихсан. Одоо чамтай ярих зүйл байхгүй” гэдэг байдлаар хандаж байгаа. Миний мэдэхээр “Гоёл клиник” эмнэлэг дээр хохирсон арав гаруй хүн байна. Эцэст нь хэлэхэд гоо сайхны хагалгаанд орохдоо эмнэлэг гэхээс илүү эмчээ сайн судлаарай. Үгүй бол эрүүл мэнд, цаг хугацаа, гоо сайхан гээд бүх зүйлээрээ л хохирч үлдэх юм байна” гэлээ.
2.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛСАН. АСУУДАЛ ДУУССАН
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс “Гоёл клиник” эмнэлгийн мэргэжилтэн Ц.Болдсүхээс тайлбар авахад, “Бүх асуудал шийдэгдсэн. Угаасаа сорвижоод байгаа. Тэр бол бидний асуудал. Асуудал шийдэгдсэн. Сорви бол жил гаруй хугацааны дараа арилна. Бидний зүгээс энэ бүхнийг тайлбарласан.
Хагалгаа хийсэн эмчийг манайх ажлаас халчихсан. Өөр зүйл байхгүй тэгээд л боллоо. Янзлаад өгье гэж байхад НМХГ-т хандсан байна билээ. Төлбөрийг нь ч буцааж төлсөн. Өөрөө л буруутай” гэсэн юм.
ХУУЛИА ДАВСАН ЖУРАМ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ
Гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон иргэн НМХГ-т хандсанаасаа үүдэн хагалгаа хийлгэсэн эмнэлэгтээ “хаягдсан”, иргэн хохирчхоод байхад 2.5 сая төгрөгөөр торгохоос өөр арга хэмжээ аваагүй асуудалтай холбогдуулан бид НМХГ-ын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч М.Ариунаагаас тодруулга авлаа.
Тэрбээр, “Хоёр жилийн өмнө орсон ч хохироод үлдсэн тохиолдлууд их байна. Яагаад гомдол гараад байдаг гэхээр гоо сайхны хагалгаанд сэтгэл ханамжийн байдал их дутагдаад байдаг.
Давхраа оёулаад хараа муудвал нэг заалт гарна. Зовхи нь унжсан бол мөн л өөр заалт хэрэгтэй. Сорви үлдсэн тохиолдолд ч адилхан. Бидэнд үүнийг зааглаж ойлгодог хуулийн зохицуулалт байхгүй. Эдгээр зүйлийг ялгаад өгөөч гээд бодлогын түвшинд санал гаргаад явж байгаа. Өөрөөр хэлбэл 2006 оны стандартаа шинэчлэхээр ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр эмчилгээний аппарат, гоо сайхны аппаратыг ялгахгүй байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж гоо сайхны тоног төхөөрөмж гэж ялгах нь хуулийн хүрээнд өрөөсгөл болоод байгаа юм. Хуулиа давсан журам стандарт гаргана гэж байхгүй. Тиймээс гоо сайхны эмнэлгүүдэд нэгдсэн шалгалт хийгээгүй” гэв.