Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо 2011 онд Фүкүшимагийн цөмийн хямралын улмаас Японы хүнсний бүтээгдэхүүний импортод тавьсан бүх хязгаарлалтыг цуцлаж байна гэж Японы удирдагчид мэдэгдэв.
Токиод болсон хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг бий болгохын төлөө хамтран ажиллахаа дахин нотолж, Япон бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдлыг цаашид бэхжүүлэхэд туслахаа Индонезийн Ерөнхийлөгч Жоко амлалаа.
"Хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын солилцоо цаашид ахих болно гэж найдаж байна" гэж Кишида хэлээд, Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин наймдугаар сард Индонезид болох олон үндэстний хамтарсан сургуулилтад анх удаа оролцохоор төлөвлөж байгааг тэмдэглэсэн юм.
Ерөнхий сайд долоон мужаас хүнсний бүтээгдэхүүний импортын хязгаарлалтыг цуцалсныг сайшааж, "Энэ нь гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүсийг урамшуулж байна" хэмээсэн юм.
Видодо Индонезийн туна загас, хан боргоцой, гадил жимсний татварыг хөнгөвчлөх эсвэл цуцлахыг Японоос хүссэн байна.
Ерөнхийлөгч Видодо мөн энэ сарын эхээр буудуулж амиа алдсан Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн үхэлд эмгэнэл илэрхийлж, Кишидагийн өмнөх Ерөнхий сайд хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд ахиулахад тусалсан гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч энэ оны 11 дүгээр сард Бали аралд болох 20 том эдийн засгийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг даргалах тул хоёр тал нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Индонез улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг уг уулзалтад урьсан. Видодо ерөнхийлөгчийн хувиар Японд дөрөв дэх удаагаа айлчлах үеэрээ Өмнөд Солонгос руу явахын өмнөх өдрийн орой эзэн хаан Нарухитотой уулзахаар төлөвлөжээ. Энэхүү айлчлал нь ирэх онд болох Япон, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн өмнө болох бол Япон, Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийн холбооны найрамдлын 50 жилийн ойтой давхцах юм.
Сүүлийн жилүүдэд Япон, Индонези улсууд аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаагийн хамгийн сүүлийн жишээ бол удахгүй болох “Гаруда бамбай” хамтарсан цэргийн сургуулилтад Японы хуурай замын цэрэг оролцохоор батлагдсан явдал юм. Индонез, АНУ, Австрали, Сингапур зэрэг бусад улс орнуудыг жил бүр зохион байгуулдаг сургуулилтдаа оролцохыг урьсан бөгөөд Хятадын цэргийн хүч нэмэгдэж байгаа нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг улам хурцатгаж байна.
Эх сурвалж: Japan Today