Хоёр жил өнжсөн Play time festival энэ жил өргөн дэлгэр болж, дөрвөн өдрийн туршид залуус идэвхтэй оролцон зуны зугаа мэдрэхийн дээр хөгжмийн мэдрэмжээ хооллоод амжсан.
Бид энэ үеэр нэг жилийн хугацаанд үерхэж буй залуу хос Б.Анужин, Ц.Мөнхгэрэл нарыг онцоллоо. Чамин, этгээд хувцаслалт өвөрмөц хэв маягаараа ялгарч байсан залуус “өөр” байснаараа олны шүүмжлэлд өртдөг талаараа ярьсан юм.
Б.Анужин: Найзууд дундаасаа би хамгийн даруухан хэв маягтай нь. Манай найзуудын хэв маяг маш өөр, онцгой байдаг. Миний хувьд хотын төвөөр явахад хүмүүс маш сонин хардаг. Ялангуяа ахмад настнууд цаагуураа муу ярих эсвэл шууд заах асуудлууд их байдаг. Play time дээр бүгд өөрийнхөөрөө хэнээс ч санаа зовохгүй байгаа нь их сайхан.
Тиймэрхүү шүүмжлэлтэй нүүр тулахад би нэг их тоодоггүй. Энэ хүний л бодол гээд орхичидог. Би өөрийнхөөрөө байхдаа заавал хүний үгэнд автаж хувцсаа солих хэв маягаа өөрчлөх шаардлагагүй шүү дээ.
Гэр бүл ээж маань намайг ойлгодог. Эргэн тойрны найзууд ойлгодог. Ийм байхад надад өөр юу хэрэгтэй гэж. Хүний гадаад төрх биш зан харилцаа, хандлага чухал болохоор эмзэглээд байдаггүй гэсэн үг. Тийм болохоор л өөрийнхөөрөө байж чаддаг.
Ц.Мөнхгэрэл: Би найз охинтойгоо хамт ажилладаг. Үзэл бодол хэв маяг таардаг, нэг хүн шиг сэтгэж чаддаг нь бидний харилцаа тогтвортой байгаа шалтгаан. Ямар ч нөхцөлд байсан өөрийнхөөрөө байх хэрэгтэй гэж боддог.
Хэрвээ “өөр” байснаараа, эсвэл өөрийнхөөрөө байснаараа шүүмжлэлд өртөж байвал тоох хэрэггүй. Асуудал чамд биш чиний тухай муугаар бодож буй хүний сэтгэлгээнд байгаа гэсэн үг.
Тиймээс битгий бууж өгөөрэй. Хүчтэй байж нэг хүнээ удаан хайрлаарай. Хамт амьдраарай л гэж хэлье.