Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр БГД-ийн хоёрдугаар хороо 86 дугаар байрны долоон давхарт гурван настай хүүхэд эвдэрхий лифтний хаалга налж зогсоод, доош унаж амиа алдсан. Оршин суугчид, өөрөөр хэлбэл томчуудын буруугаас болж үүссэн энэ хэрэг гараад зургаан сарын хугацаа өнгөрчхөөд байхад лифт эвдэрхий хэвээр байна. Нэг хүүхдийн амь хохирсон асуудал хангалтгүй мэт, дараагийн хохирогчоо хүлээж байгаа юм шиг хэзээ засварлагдах нь тодорхойгүй.
Зургаан сарын өмнө яригдаж байсан нөгөө л СӨХ-ны мөнгөө төлдөг, төлдөггүй гэсэн асуудлаа ярьсаар. Энэ бол нэг байрны СӨХ-ны асуудал биш, хүүхдэд ээлгүй нийгэм, хайхрамжгүй томчуудын анхаарах том асуудал юм.
/Хэрэг гарснаас 20 хоногийн дараа 86 дугаар байранд очиж бэлдсэн сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү/
Энэ хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа 86 дугаар байрны СӨХ-ны дарга байсан н.Цэцгээ ажлаа өгч Д.Батжаргал гэх хүн даргаар сонгогдсон. Бид түүнтэй холбогдож яагаад өнөөдрийг хүртэл лифт засварлагдаагүй байгааг тодрууллаа.
-Хүүхэд эрсдээд зургаан сар өнгөрлөө. Маш урт хугацаа. Дахиад хүүхэд эрсдвэл яах вэ?
-Хятадаас засварын бараа материал нь ирэх гэж их хугацаа орж байгаа. Ямар ч байсан сэлбэг нь зургаан сард орж ирсэн. Дүүргээс хөрөнгө мөнгийг гаргаж гүйцэтгэгч команиа ч сонгосон. Айлууд СӨХ-ныхоо төлбөрийг төлдөггүйгээс үүдэн энэ асуудал удааширч байна.
-Яагаад СӨХ-ны асуудалд дүүргээс хүртэл оролцож байна вэ? Хэдэн сард лифт ашиглалтад орох вэ?
-Найман сард ашиглалтад оруулах гээд зүтгэж байна. СӨХ гэхээр хуулийн этгээд ч биш, тэмдэг төдий нэршил болчхоод байгаа юм. Дахин хүүхэд эрсдүүлэхгүйн тулд дүүргээс оролцсон гэж харж байна. Цаашид СӨХ-той холбоотой хуулийн зохицуулалт хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн манай гэлтгүй СӨХ дээр гардаг асуудлууд дийлдэхгүй.
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү