Энэ оны хоёрдугаар сарын 17-нд иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнууд гээд ТЕГ-аас саатуулсан. Өнөөдөр Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар иргэн Ч.Мөнхбаярт зохиомлоор ял оноосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
“ШҮҮХ, ТАГНУУЛ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА”
Өмгөөлөгч А.Батдорж “Өмгөөлөгчдийн бүх баримтыг шүүх хуралд оруулаагүй. Ингэж хууль зөрчсөн үйлдэл хийсэн.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг үйлдэлд хоёр өөр шийдвэр гаргаж, шүүх хууль дээдлэх, бие даасан, хараат бус байх, нөлөөнд автахгүй байх зарчмуудаасаа ухарч, ямар үндэслэлээр ял шийтгэл оноосноо ч тайлбарлахгүйгээр “Монгол улсын нэрийн өмнөөс Хятад улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж, улс төрийн нөлөөгөөр иргэн Ч.Мөнхбаярыг гэм буруутай гэж тооцлоо” гэсэн ганцхан өгүүлбэр хэлж, 10 жилээр ялласан.
Шүүхийн тухай хуулийн 50.1.23 дахь заалтыг илт зөрчсөн. Шударга ёсыг тогтоох үүрэг хүлээсэн шүүхийн энэ үйлдэл Монгол улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудын хамаарагдах заалтуудыг уландаа гишгэлээ. Монгол улсын шүүх, прокурор, тагнуулын байгууллагуудын нэр хүнд, улмаар тусгаар Монгол улсын нэр төрийг ч бүхэлд нь булшиллаа.
Иймд төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1-д заасан төрийн нууц байхгүй. Төрийн хамгаалалтад байх мэдээлэлгүй. 5.1.7-д заасан нууц ажилтан биш. 6.3-д заасан хууль ёсны үүргээ тагнуулын байгууллага хэрэгжүүлээгүй. 19.1.4-д заасан үндэслэлгүйгээр нууцалсан хэргийг нууцалсан нь тогтоогдож байна” гэлээ.
“Ч.МӨНХБАЯРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫГ ДАХИН ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА”
Өмгөөлөгч Г.Баасан “Хоёрдугаар сарын 17-аас хойш таван сар гаран болж байна. Энэ хугацаанд Монголын хуулийн тогтолцоо ямар том гажуудалд орсон нь Ч.Мөнхбаярт холбогдуулсан хэргээс харж байна.
- Шүүх нэг асуудлаар хоёр удаа хуралдахдаа хоёр өөр шийдвэр гаргалаа. Хуулийн хэрэглээ нэг л мөр байх ёстой зарчимтай. Хоёр удаагийн шүүх хурлыг даргалсан шүүгч З.Болдбаатар, шүүгчээр оролцсон Б.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар нар шүүх танхимд мэтгэлцээн явуулаагүй.
Яллах тал мэтгэлцээн хийгээд, цагаатгах тал буюу өмгөөлөгчид мэтгэлцэж, хоёр мэтгэлцээний дундаас шүүгчид итгэл үнэмшлээрээ хавтаст байгаа хуулийн шаардлага хангасан баримтуудыг харснаар хүний хувь заяа шийдэх тангарагтай. Бидний гаргасан 50 гаруй үйлдлийг яллах тал няцааж чадаагүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
- Прокурор Ч.Мөнхбаярыг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг 19.4.1-д заасан хэрхэн Монголын тагнуулын хэрэгт холбогдох нууц хамгаалах үүрэг хүлээсэн ажилтан гэж тогтоогоогүй. Ч.Мөнхбаяр, Дарханбаяр, Манан гэдэг хүмүүсийн уулзалтын тухай 13 удаагийн зөвхөн үйлдэл бичсэн.
Энэ асуудлыг хоёр үндэслэлээр ил болго.
- БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, Монгол хүнийг яллаж болохгүй. Энэ нууц байх боломжгүй.
- Тагнуул, прокурор, шүүгчид бүлэглэж, тусгай даалгавраар, нотлох баримтгүйгээр, хуульгүйгээр Монгол иргэнийг 10 жил ялласан. Энэ бол хуулийн байгууллагын бүлэг гэмт хэрэг. Ийм гэмт хэрэг маш олон байгаа. Хэлээгүй өнгөрсөн, үүрээд гарсан, зарим нь авилга өгөөд мултарсан. Тиймээс бид ил болгох шаардлага тавьж байна.
Хэргийн материалыг ил болгож, Ч.Мөнхбаярт холбогдох шүүх хурлыг нийт Монголын ард түмний өмнө ил явуулах хэрэгтэй.
Хятад улсын эсрэг тагнуул хийсэн учраас энэ хүнийг яллаж байна гэж прокурор яллах заалтдаа бичсэн.
Бид давж заалдаж байгаа. Давж заалдах шатны шүүхэд шударга ёс алдагдаагүй гэж итгэж байна. Иргэн Ч.Мөнхбаярт ямар ч үндэслэлгүйгээр харийн улсын нэр барьж, тусгаар тогтносон улс байж, Монгол хүнд 10 жилийн ял өгч байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж ярилаа.