ДЭМБ сармагчны цэцэг өвчнийг дэлхийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласны дараа ийм шийдвэр гаргажээ. ДЭМБ энэхүү өвчний эсрэг Imvanex вакциныг хэрэглэхийг зөвшөөрөв гэж Данийн эм үйлдвэрлэгч компани мэдэгдэв.
Данийн эм үйлдвэрлэгч Бавариан Нордик компанийн төлөөлөгч даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "Европын Комисс ЕХ-ны Эмийн хяналтын байгууллагын зөвлөмжийн дагуу тус компанийн Имванекс (Imvanex) хэмээх салхин цэцэг өвчний вакциныг зах зээлд гаргах зөвшөөрлийг сармагчны цэцэг өвчнөөс хамгаалах зорилгоор олгосон" гэжээ.
Зөвшөөрөл нь Европын Холбооны бүх гишүүн улсууд болон Исланд, Лихтенштейн, Норвегид хүчинтэй байх аж.
Европын эмийн агентлаг (EMA) нь эмийн шинжлэх ухааны үнэлгээг хийж, аливаа эмийг зах зээлд гаргах эсэх талаар зөвлөмж өгдөг. Гэхдээ ЕХ-ны хуулийн дагуу EMA нь тус холбооны өөр өөр улс орнуудад маркетинг хийхийг зөвшөөрөх эрхгүй гэнэ.
Бавариан Нордик компанийн хувьцаа сүүлийн гурван сард 122 хувиар өссөн нь сармагчны цэцэг өвчний эсрэг вакцины эрэлт ихтэй байгаатай холбоотой.
Бавариан Нордикын Гүйцэтгэх захирал Пол Чаплин хэлэхдээ, батлагдсан вакцин байгаа нь улс орнуудын шинээр гарч ирж буй өвчинтэй тэмцэх бэлэн байдлыг эрс сайжруулж чадна, гэхдээ зөвхөн хөрөнгө оруулалт, биологийн бэлэн байдлын бүтэц зохион байгуулалттай төлөвлөлтөөр дамжуулан хэрэгжих боломжтой гэжээ.
Бямба гарагт ДЭМБ дэлхийн 75 орны 16 мянга орчим хүнийг хамарсан сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг "олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай байдал" гэж зарласан нь түгшүүр төрүүлээд буй.
Имванекс нь салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕХ-нд 2013 оноос хойш батлагдсан вакцин аж. Мөн сармагчны цэцэг өвчний вирус болон салхин цэцгийн вирус хооронд ижил төстэй байдаг тул Имванексийг сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин гэж үздэг байна.
Эх сурвалж: Aljazeera