Монголчуудын гурван хүн тутмын нэг нь хэвлийн таргалалттай байна гэсэн судалгааг НЭМҮТ-өөс гаргасан байна. Тэгвэл залуучууд жингээ хасах, жингээ барих гэж фитнест явахдаа юун дээр алддаг, юун дээр анхаарах хэрэгтэй талаар фитнесийн багш, дасгалжуулагч Т.Өлзийхишигээ тодрууллаа. Түүний хувьд зөвхөн дасгал хөдөлгөөн биш хооллолт чухал гэдгийг онцолж байна.
Тэрбээр, “ Нэгдүгээрт, хэн нэгнийг битгий даган дуйрай гэж хэлнэ.
Хоёр дугаарт өөрийгөө зөв тодорхойлуулах шаардлагатай. 1+1 гэдэг юм. Дасгалжуулагч өөртэй нь л харьцаж ажиллана гэсэн үг. Тухайн хүнийхээ биеийн байдлыг судлаад, өөхний хэмжээ, булчингийн хэмжээ зэргийг тодорхойлсноор хөтөлбөр гаргаж өгдөг. Хөтөлбөрийн дагуу хичээллэх нь илү үр дүнтэй.
Нөгөөтэйгүүр хоолондоо маш сайн ач холбогдол өгөх хэрэгтэй. Зааландаа өндөр энерги зарцуулж калори шатаачхаад, их идээд байх юм бол бэтлгэлээ болон дасгалжуулагчийн ажлыг хаяж байна гэсэн үг. Хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байгаа юм. Эцэст нь дасгалжуулагчтай мөртлөө жингээ хаяж чадахгүй байна гэсэн асуудал их гардаг.
Мөн амралт маш чухал байдаг. Амрах хугацаанд бидний бие нөхөн сэргэж байдаг юм. Манай монголчууд өглөөний хоолоо маш бага иддэг юм билээ. Тэгэхээр өглөөний хоолоо маш сайн идэж байх хэрэгтэй. Ингэж байж өдрийн турш эрч хүч, энергитэй ажлаа амжуулдаг. Манайхны хувьд эсрэгээр нь яваад байх шиг.
Хоолыг цадах гэж биш, өөрт хэрэгтэй амин дэм, шим тэжээл авахын тулд идэж байгаарай гэж зөвлөмөөр байна. Мөн цагаар хооллож ойр ойрхон идэхийг зөвлөнө. Хүн болгон тамирчин байх албагүй ч эрүүл мэнддээ анхаардаг байх хэрэгтэй” гэв.